Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сан Франциско авто зогсоолын хатуу стандартыг цуцалсан АНУ-ын анхны том хот болох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хот байгуулалтад авто зогсоолын хатуу шаардлага тавигддаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа мөрдөгдөж эхэлсэн энэхүү стандарт цаг үеэсээ хоцрогдсон тул цуцлах тухай яригдаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд зарим жижиг хот заавал мөрдөх авто зогсоолын шаардлагыг дагахаа больж байсан юм. Тэгвэл Сан Франциско хот удахгүй том хотуудаас анхдагч болох гэж байна.

Жишээлбэл Лос Анжелес хотод 1990-ээд оны үед Уолт Диснейн 2,265 хүний суудалтай концертын ордон баригдахад хотын захиргаа 2,188 автомашины зогсоол төлөвлөх шаардлага оруулж байжээ.

Тээврийн Инженерийн Хүрээлэнгээс орон сууцны байр тутамд 1.6 авто зогсоол, түргэн хоолны рестораны 1,000 фүүт.кв талбай тутамд 9.95 автомашины зогсоол оногдох ёстой гэх мэт бүх төрлийн барилга байгууламжуудад зориулсан зөвлөмж гаргасан нь хагас зуун жил мөрдөгдөж байгаа юм.

Тэгвэл автомашинаас татгалзаж, нийтийн тээврийг түлхүү ашиглах болсон өнөө үед хотууд автомашинд ийм их талбай гаргах нь зохимжгүй болжээ. Хүмүүс хувьдаа машинтай байхаас илүү дундаа хуваалцдаг, түрээсэлдэг шийдлийг илүүд үзэх болсон.

Хугацааны 95 хувьд автомашин ямар нэг ашиглалтгүй, сул зогсдог гэсэн тооцоо байдаг. Тиймээс ийм идэвхгүй хэрэглээнд хотын үнэ цэнэтэй зай талбайг зарцуулах утгагүй болж байгаа ажээ.

Тиймээс Цахиурын хөндийд байрладаг, шинэ технологи, инновациар тэргүүлэгч Сан Франциско хот бусад том хотуудаас түрүүлэн зогсоолын стандартаас татгалзахаар төлөвлөж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Quartz