Сүүлийн үед Солонгос, Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.
БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Харин Япон улсад Монгол Улсын иргэдийг ур чадварын дадлагажигчаар илгээх ажлыг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг.
Түүнчлэн ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах замаар иргэдийг хохироож болзошгүйг онцгой анхаарна уу.
Тусгай зөвшөөрөлтэй байгууллагад иргэдээс ур чадварын дадлагажигчаар зуучлагдахаас нь өмнө урьдчилан зуучлалын хураамж, төлбөр, барьцаа мөнгө авахыг хориглодог болно.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ