Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн эрх баригчид Америк жуулчны цогцсыг арал дээр үлдээхээр шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн эрх баригчид экспертүүдтэй зөвлөлдсөний эцэст Умард Сентинел арлын уугуул иргэдэд алагдсан АНУ-ын иргэний цогцсыг хөндөлгүй орхихоор шийджээ.

Одоогийн нөхцөл байдалд арлынхантай зөрчилдөхгүйгээр талийгаач Жон Аллен Чаугийн цогцсыг авах боломжгүй гэсэн дүгнэлтийг тэд гаргасан тухай уг асуудалд ойр ажиллаж байгаа антропологич мэдээлсэн байна.

“Өнгөрсөн хугацаанд бид Сентинелчуудтэй харилцах гэж оролдоогүй, цаашид ч ингэх бодолгүй байна” гэж нэрээ нууцалсан мэргэжилтэн хэвлэлд ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Тэд гаднаас ирсэн хэн рүү ч сум тавина. Энэ бол арал руу хэнийг ч нэвтрүүлэхгүй гэсэн тэдний мэдэгдэл юм. Тиймээс бид уг хүслийг нь хүндэтгэх ёстой” гэсэн байна.

Цаашдаа Умард Сентинел арлын хамгаалалтыг чангатгаж, арал руу хууль бусаар нэвтрэх оролдлогуудыг таслан зогсооно гэдгээ Энэтхэгийн цагдаагийн газар илэрхийлжээ.

Дели дэхь АНУ-ын элчин сайдын яам ч нөхцөл байдлыг ойлгож, Энэтхэгийн талд шахалт үзүүлэхгүй байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ сарын 16-ны өдөр АНУ-ын иргэн, 26 настай Чау орон нутгийн загасчдын тусламжтайгаар Умард Сентинел аралд хөл тавимагцаа арлын уугуул иргэдэд алагдсан юм. Тэр Христийн шашныг арлын оршин суугчдад номлох зорилготой байсан нь сүүлд тодорхой болсон байна.

Тус аралд амьдардаг уугуул иргэд доод тал нь 30,000 жилийн өмнө хүн төрөлхтнөөс салж, бүрэн тусгаарлагдмал орчинд амьдрах болсон гэгддэг. Арал руу гаднаас зочлох оролдлого бүрийг тэд таслан зогсоосоор иржээ.

Энэтхэгийн цагдаа Чауг аралд хүрэхэд тусалсан долоон загасчныг саатуулан шалгаж байгаагаа өмнө мэдээлж байв.

Гэвч талийгаачийн цогцос нь байхгүй тул тэднийг гэмт хэрэгт буруутгах аргагүй болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian