Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн их мастер Америк шатарчныг ялж, дэлхийн аварга цолоо хамгааллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Норвегийн их мастер Магнус Карлсен хайн хагалах түргэн тоглолтонд 3:0 харьцаагаар АНУ-ын шатарчин Фабиано Каруанаг ялж, дэлхийн шатрын аваргын цолоо хамгааллаа.

Гурван долоо хоног үргэлжилсэн тэдний тоглолт 12 удаа тэнцсэн тул дөрвөн ээлжийн түргэн тоглолтын дүнгээр аваргыг тодруулахаар болсон юм. Энэ тоглолтод Карлсен дараалан гурав ялжээ.

27 настай их мастер тоглолтын дараа “Өнөөдөр би ажилдаа гайхалтай сайн байлаа. Бүх зүйл төгс болж өнгөрлөө” гэж баяртайгаар ярьсан байна.

Түүний өрсөлдөгч 26 настай Каруана хэрвээ ялсан бол 1972 онд Бобби Фишер дэлхийн аварга болсноос хойш төрсөн анхны Америк аварга болох байв.

“Өнөөдөр би шилдэг тоглолтоо үзүүлэхийг зорьж байсан ч энэ зорилгодоо ойртож ч чадсангүй. Надад маш их дарамт мэдрэгдэж байсан. Гэхдээ олон жилийн дараа анхны Америк аварга болно гэсэн яриа үүнд нөлөөлөөгүй. Зүгээр л тэмцээн бүхэнд тохиолддог сэтгэл зүйн дарамт байлаа” гэж тэр ярьжээ.

Тэдний үндсэн 12 тоглолт нь тус бүр долоо хүртэл цаг үргэлжилж байсан бол өчигдрийн түргэн тоглолт бүрийн хугацаа тоглогч бүрт 25 минут байсан юм.

Хамгийн сүүлийн 12 дахь тоглолт өнгөрсөн Даваа гарагт болоход Норвегийн их мастер эрсдэл хийхээс татгалзаж, тэнцсэнээр мэргэжилтнүүдэд шүүмжлүүлж байв.

Тэгвэл тэр энэхүү дутагдлаа түргэн тоглолтын дүнгээр засаж чадлаа. Сүүлчийн тоглолтод тэнцэх сонголт хийснийг нь шатрын домог Гарри Каспаров “цочирдмоор” алхам гэж нэрлэсэн бол дэлхийн аварга асан Владимир Крамник “тэнэглэл” хэмээн нэрлэж байжээ.

Аварга болсон Карлсен 550,000 евро ($621,000) өвөртөлж байгаа бол Каруана 450,000 евро ($508,000) шагналд авч байна.

 

Эх сурвалж: Associated Press