Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Арлын зэрлэг хүмүүст алагдсан Америк жуулчны цогцсыг авалгүй орхихыг уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Арав гаруй хоногийн өмнө АНУ-ын иргэн христийн шашныг түгээх зорилгоор зэрлэг овгийн хүмүүс амьдардаг арал руу очоод нум сумаар харвуулж амиа алдсан билээ.

Тэр өдрөөс хойш Энэтхэгийн цагдаа нар 26 настай Жон Аллен Чаугийн цогцсыг эргээс авах гээд чадахгүй байна. Чау энэ сарын 16-ны өглөө арлын оршин суугчдад Есүсийг таниулахаар нутгийн загасчдын тусламжтай очоод алагдсан юм.

Энэтхэгийн харъяанд байдаг Андаманы бүлэг арлуудын Умард Сентинел аралд 30,000 орчим жилийн өмнө хүн төрөлхтнөөс тасарч үлдсэн овгийн хүмүүс амьдардаг. Тэд гадаад ертөнцтэй харилцахыг эрс эсэргүүцэж, аливаа оролдлогыг хүчээр таслан зогсоосоор ирсэн түүхтэй.

Энэтхэгийн засгийн газар ч уг арлыг дархалж, гаднаас зочлохыг хуулиар хориглосон байдаг. Чау нутгийн загасчдад 25,000 рупи ($350 орчим) төлж, хууль бус замаар аралд хүргүүлсэн байна.

Одоо цагдаа нар эрэгт булшилсан Чаугийн цогцсыг хэрхэн буцааж авах талаар экспертүүдтэй зөвлөлдөж байгаа юм. Харин зэрлэг овог аймгийн хүмүүсийн эрхийг хамгаалдаг Survival International байгууллага Чаугийн цогцсыг авалгүй арал дээр орхихыг Энэтхэгийн эрх баригчдад уриалсан байна.

“Арлынхантай харьцах бүрт үхлийн аюултай өвчин гадаад ертөнцөөс халдаах эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс ноён Чаугийн цогцос тэнд үлдэж, Сентинел арлын нэг хэсэг болох ёстой” гэж тус байгууллагын захирал Стефен Корри ярьжээ.

Энэтхэгийн хэсэг антропологичид, зохиолчид мөн ижил утгатай мэдэгдлийг Даваа гарагт гаргасан байна. Тэдний мэдэгдэлд Сентинел арлын оршин суугчдын эрх ашгийг хүндэтгэн үзэж, ямарваа зөрчил, аюул занал учруулахаас зайлсхийх хэрэгтэй гэсэн юм.

Чаугийн тэмдэглэлд өгүүлснээр тэр алагдахынхаа урд өдөр Сентинел аралд хүрч хэсэг хугацаанд саатсан байна. Тэр үед арлын зэвсэглэсэн иргэд түүнийг хөөж, сүрдүүлсэн гэнэ. Гэвч Чау тэдэнтэй харилцахыг оролдож, Африкийн өмнөд нутгийнхны хэлээр ярьж, бэлэг өгөх гэсэн байна. Оролдлого үр дүнгүй болсон тул тэр өдөртөө арлаас явжээ. Маргааш өглөө нь Чау арлын эрэгт дахин хөл тавихад түүний дээрээс суман мөндөр буусан байна.

Сентинелчүүд жуулчны цогцсыг маргааш нь эргийн элсэнд булж орхижээ.

 

Эх сурвалж: The Guardian