Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

General Motors Америкаас Хятад руу төвлөрөх болсон нь Трампыг бухимдуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын автомашин үйлдвэрлэгч General Motors (GM) ирэх онд Америк, Канад дахь таван үйлдвэрээ хаах шийдвэрийг зарласан юм.

Үр дүнд нь олон мянган ажлын байр цомхотголд өртөхөөр болжээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “America First” уриалгын эсрэг алхам болсон нь түүнийг бухимдуулсан нь тодорхой.

Өчигдөр тэр твиттер хуудсандаа GM компанийг хүчтэй шүүмжилж, засгийн газраас үзүүлдэг зарим хөнгөлөлтөө зогсооно гэж сүрдүүлжээ.

Трамп “General Motors-ийг АНУ-ын засаг захиргаа аварсны хариуд ийм талархал бид хүлээж авлаа! Одоо бид тус компанид үзүүлдэг бүх хөнгөлөлтүүдээ, тэдгээрийн дотор цахилгаан хөдөлгүүрт автомашины хөнгөлөлтөө зогсооно” гэж бичсэн байна.

Гэвч GM-ийн ихэнх үйлдвэрлэл, борлуулалт Хятадын зах зээлд өрнөдөг болсон нь тус компанийг Умард Америк дахь үйл ажиллагаагаа хязгаарлахад хүргэжээ.

Өнөөдөр Хятадын зах зээл автомашин үйлдвэрлэгчдийн хувьд нэн тэргүүний сонголт болоод байна. Хамгийн өөдрөг төсөөллөөр бол ойрын жилүүдэд жил бүр 40 сая автомашин Хятадын зах зээлд борлуулагдана гэсэн тооцоо байдаг.

Тиймээс GM-ийн үндсэн зах зээл нь Америк биш Хятад болж байгаа юм.

Үүнээс гадна АНУ-д автомашины уламжлалт зах зээл хумигдаж, Uber, Lyft гэх мэт “transportation-as-service” загварын зах зээлд шилжиж байгаа.

Энэ нь хүн бүр автомашин худалдаж авах шаардлагагүй болж, түрээсээр дундаа хуваалцаж ашигладаг хэлбэр юм.

Тиймээс Трампын сүрдүүлэг GM компанийн хувьд нөлөөгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Эх сурвалж: Business Insider