Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг 10 жил үргэлжилсэн маргаанаа өндөрлүүлж, ажилчдаасаа уучлал гуйж, мөнгө төлөхөөр болов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани хагас дамжуулагчийн үйлдвэрт нь ажиллаж байхдаа хорт хавдар туссан ажилчидтайгаа зөвшилцөлд хүрснээр 10 жил үргэлжилсэн маргаан өндөрлөжээ.

Компанийн ерөнхийлөгч Ким Ки Нам “Өвчин туссан ажилчдаасаа болон тэдний гэр бүлийнхнээс бид уучлал гуйж байна. Хагас дамжуулагчийн, LCD дэлгэцний үйлдвэрүүдэд эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийг хязгаарлаж чадаагүй нь бидний алдаа юм” гэж өнөөдөр мэдэгдсэн байна.

Самсунг группын нэг хэсэг болох Самсунг Электроникс нь дэлхийн томоохон технологийн компанид тооцогддог. Дэлхийд 11 дүгээрт ордог том эдийн засагтай Өмнөд Солонгосын эдийн засгийн нэг тулгуурт тооцогддог юм.

Гэвч энэ компанийг тойрсон маргаантай асуудлууд олон бий. Тус улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгсөн хэрэгт Самсунгийн дефакто удирдагч Ли Жэ Ён холбогдож байсан.

Тэгвэл энэ удаа тус компанийн үйлдвэрт ажиллаж байсан 320 хүн ажлын байртай холбоотой өвчинд нэрвэгдэж, тэднээс 118 нь нас барсан хэрэг эцэслэн шийдэгдэж байна.

Уучлал гуйснаас гадна Самсунг хохирогч тус бүрт 150 сая воны ($133,000) нөхөн төлбөр олгохоор болсон юм.

Хохирогчид нь нийт 16 төрлийн хорт хавдраар өвчилж, зарим нь үр зулбаж, заримын үр хүүхүүдийнх нь эрүүл мэндэд дамжин нөлөөлж байжээ. Тэдний хамгийн ахмад нь 1984 оноос эхэлж Самсунгийн үйлдвэрт ажилласан байна.

2007 онд Сувон дахь дэлгэцний үйлдвэрийн нэг ажилчин хэд хэдэн төрлийн хорт хавдраар зэрэг өвдөж амиа алдсанаар уг асуудал анх сөхөгдөж байв.

Сүүлийн 10 жилийн турш үргэлжилсэн олон удаагийн шүүх хурал, үйлдвэрчний эвлэлийн тэмцэл, хэлэлцээрийн үр дүнд өнөөдрийн шийдвэрт хүрч байгаа юм.

 

Эх сурвалж: AFP