Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын засгийн газар жагсагчдыг тараах зориулалттай шинэ зэвсэг худалдаж авсан нь иргэдийг айлгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын эсрэг жагсаал тэмцлийг зохицуулах зорилготой Оросын Үндэсний Гварди лазерын болон дуу авианы зэвсгээр тоноглосон хоёр ширхэг автомашин худалдаж авсан тухай мэдээлэл саяхан тарсан юм.

Энэ мэдээлэл иргэдийн дунд айдас дэгдээж, сөрөг хүчнийхэн эрх баригчдаас тайлбар өгөхийг шаардсан байна.

“Үхлийн бус” зэвсгээр тоноглогдсон гэгдэж байгаа фургон загварын хоёр машин нь нийтдээ 65.2 сая рублийн ($995,250) өртөгтэй гэдгийг албаны бичиг баримт баталж байна.

Тэдгээрийг өнгөрсөн сард худалдан авчээ. Росгвардия эдгээр автомашиныг худалдаж авснаа баталсан мэдэгдэл Лхагва гарагт гаргаж, тэдгээрт ашиглагдаж байгаа шинэ системийг “зэвсэг” гэж нэрлэх нь зохимжгүй гэж тайлбарласан байна.

Террорист ажиллагааны үеэр эсрэг талд акустик нөлөө үзүүлэх зориулалттай багажаар тоноглогдсон гэж тус мэдэгдэлд өгүүлжээ. Өөрөөр хэлбэл эсрэг талын хүмүүсийн тархи толгойг самууруулах үйлчилгээ үзүүлэх дуу авиа гаргадаг юм байна.

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгийн хамтрагч Любовь Соболь “Хэрвээ шаардлагатай бол тэд энэ зэвсгээ гудамжинд жагсаж байгаа иргэд рүү чиглүүлэх магадлалтай” гэж анхааруулжээ. Тэрээр “Иргэдийн жагсаал тэмцлийг ямар нэг зэр зэвсгээр зогсоох тухай бодохын оронд тэдэнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсож сурахыг би эрх баригчдад зөвлөмөөр байна” гэж хэлсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2016 онд хуучин дотоод хэргийн яамны зэвсэгт хүчин, цагдаагийн тусгай хүч зэргийг нэгтгэн Росгвардияг байгуулж байв. Тэр өөрийн бие хамгаалагч асан Виктор Золотовыг энэ байгууллагын тэргүүнээр томилсон юм.

 

Эх сурвалж: Reuters