Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаантай видео сурталчилгаанаас шалтгаалан “Dolce & Gabbana”-ийн Хятад дахь шоу цуцлагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шанхай хотод өчигдөр зохион байгуулагдах байсан Италийн Dolce & Gabbana брэндийн хувцас загварын нүсэр том шоу цуцлагджээ.

Сүүлийн хэд хоногт сошиал сүлжээнд цацагдсан тус компанийн цуврал видео сурталчилгаа Хятадад нэлээд маргаан дэгдээгээд байсан юм. Уг маргаанаас шалтгаалан шоунд оролцох байсан Хятадын олон одод төлөвлөгөөгөө өөрчилж, оролцохоос татгалзаж эхэлжээ.

D&G брэндийн хувьд дэлхийн тансаг хэрэглээний гуравны нэгийг эзэлдэг Хятадын зах зээл чухал ач холбогдолтой. Гэтэл ийм алдаа гаргаснаар Италичууд их хэмжээний хохирол амсахаар болж байна.

Шоуг цуцлах шийдвэрт Хятадын засгийн газар нөлөөлсөн эсэх нь одоогоор мэдэгдэхгүй байгаа юм.

Инстаграм, Вэйбо сүлжээнд цацагдсан видео сурталчилгаануудад нэгэн хятад эмэгтэй пицца, спагетти, канноло зэрэг итали хоол хүнсийг савхаар идэж байгааг харуулдаг. Тухайлбал хэт том хэмжээтэй каноллог савхаар идэж чадахгүй байгаа эмэгтэйгээс хөтлөгч “Таны хувьд энэ хэт том байна уу?” хэмээн асууж байгаагаар гардаг юм. “Eating with Chopsticks” нэрийн дор гарсан эдгээр сурталчилгааг хятадууд хүмүүсийг угсаа гарлаар ялгаварлах үзэл харуулсан, мэдрэмжгүй, эмэгтэй хүнийг дорд үзсэн гэж хүчтэй шүүмжилж эхэлжээ.

Шүүмжлэлийн дараа D&G сурталчилгаануудаа Вэйбо сүлжээнээс устгасан ч Инстаграмд үлдсэн байна.

Дараа нь D&G-ийн Стефано Габбанагийн нэрээр баталгаажсан Инстаграм хуудсанд Хятад орон, хятад хүмүүсийг доромжилсон үгтэй хэд хэдэн өгүүлбэр бичигджээ. Габбана эдгээр өгүүлбэрүүдийг өөрөө бичээгүй, “хакдуулсан” гэж мэдэгдээд “Би Хятад орон, Хятадын соёлд хайртай. Ийм зүйл болсонд харамсаж байна” гэж тайлбар бичсэн юм.

Гэвч хүмүүс түүний хуудас хакеруудын гарт орсон гэдэгт итгээгүй байна.

Хэдийгээр хариуцлагагүй өгүүлбэрүүдээ Габбана устгасан ч дэлгэцний хуулбар нь Хятадын Вичат, Вэйбо сүлжээнд өргөн таржээ.

Эх сурвалж: Quartz