Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар гишүүд ямар байр суурьтай байна вэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Уг бичигт ¼ буюу 19-өөс дээш гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн баригдаж, чуулганаар хэлэлцэх боломж бүрдэнэ. 

Харин Д.Хаянхярваа гишүүний бланк дээр хэдэн гишүүн гарын үсэг зурж, Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн нь одоогоор тодорхойгүй байна. Д.Хаянхярваа гишүүн ч “Хангалттай хэмжээнд хүрсэн” гэж жиргэж байгаа ч яг таг тоог нь огт хэлэхгүй байгаа. 

Ийнхүү тоог нь нууцалж байгаа нь түүнийг шаардлагынхаа хариуг хүлээж байгаатай холбоотой гэх шуум ч бий. Учир нь Д.Хаянхярваа гишүүн энэ долоо хоногийн Даваа гарагт УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж ЖДҮХС-ийн асуудалтай холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох мөн өөр, өөрсдийн харьяа байгууллагад ажилладаг албан тушаалтнуудыг хариуцлага тооцон, чөлөөлөхийг шаардсан билээ. Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 20 буюу ирэх Мягмар гарагт авахаа мөн мэдэгдсэн юм. 

Засгийн газрыг огцруулах асуудлаар зарим гишүүний байр суурийг тодруулснаа хүргэж байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ талаар надад мэдээлэл алга. Би тийм бичигт ямар ч үед гарын үсэг зурж байгаагүй” гэсэн юм. 

Гэрэл зургийг mpa.mn

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ард түмэн хамгийн гол нь энэ 76 гишүүн чинь нэр цэвэр байгаа юм уу. Засгийн газар шударга байгаа юу гэдэг асуудлыг ярьж байгаа. Ард түмний хүсэн хүлээж байгаа энэ асуудал дээр бид дүгнэлт хийгээд явах ёстой. Тийм учраас би Засгийн газрыг огцруулах байр суурьтай байгаа
УИХ ч тэр Засгийн газар ч тэр бололцоогоороо л ажиллаж байгаа. Гэхдээ үүнээс илүү ажиллах боломж байгаа” гэлээ. 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн А.Ундраа “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас буруу зарчмаар зээл олгосон асуудалд хариуцлага тооцохгүй байгаад сэтгэл дундуур байгаа. Тиймээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан” гэв. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Намын Удирдах зөвлөлөөс бүлгийн даргыг огцруулах, УИХ-ын дарга, хотын дарг нарыг ажлаа өгөхийг шаардсан. Энэ шийдвэрүүдийг зөв гэж үзэж байгаа. Зарим гишүүний зүгээс Удирдах зөвлөлийн шийдвэр таалагдахгүй байгаа учраас гишүүнийхээ хувиар санал бодлоо гаргах эрхтэй л дээ. Тиймээс тодорхой хэмжээнд Засгийн газар болон УИХ-ыг огцруулах нь зүйтэй гэсэн сөрөг саналуудыг бэлдэж, гарын үсэг зурж байгаа гэж дуулсан. Энэ бол гишүүдийн бүрэн эрхийн асуудал” гэв.