Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганд сууж байсан Мексикийн парламентын гишүүн охиноо алагдсан тухай мэдээг хүлээж авчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Мексикийн парламентын чуулганд сууж байсан гишүүн эмэгтэй 22 настай охиноо мафийнханд алагдсан тухай мэдээг утсаар хүлээж авсан эмгэнэлтэй явдал өчигдөр тохиолджээ.

Чуулганы хуралдааны үеэр 59 настай гишүүн Кармен Медел “Тэд охиныг минь алчихлаа!” хэмээн гэнэт орилж эхэлсэн байна. Парламентын гишүүд түүнийг тайтгаруулахыг хичээж, хуралдаан завсарлахад хүрчээ.

Медел нь Мексикийн ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон Андрез Мануэл Лопез Обрадорын Үндэсний Сэргэн Мандалтын Хөдөлгөөн намын гишүүн юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр түүний охин Веракруз мужийн Сиудад Мендоза хотод анагаах ухааны чиглэлээр суралцдаг бөгөөд тэндхийн фитнес клубт хичээллэж байхдаа есөн удаа буудуулж амиа алджээ.

Веракрузын захирагчийн мэдээлснээр түүнийг мафийн гишүүний найз бүсгүйтэй андуурч амийг нь хөнөөсөн гэнэ. Амийг нь бүрэлгэхээр төлөвлөж байсан мафийн гишүүний найз бүсгүй түүнтэй ижил фитнес клубт хичээллэдэг байжээ.

Аллагаас хэдэн цагийн дараа Веракрузын цагдаа нар зэвсэглэсэн хоёр этгээдийг баривчилсан байна.

Мексикийн парламент бүхэлдээ эмгэнэл илэрхийлж, гишүүд нэг хором дуугаа хураажээ.

Меделд тохиолдсон эмгэнэлт явдал Мексик улсад хүчирхийлэл, эмх замбараагүй байдал ямар хэмжээнд хүрснийг харуулж байна. 

2017 онд тус улсад 29,158 хүн амины хэрэг гарсан бол 2018 оны эхний есөн сард 25,000 хүрээд байгаа юм. Өнгөрсөн долдугаар сард болсон парламентын сонгуулийн үеэр 100 гаруй улс төрч мафийнханд алагдсан байна.

Улс төрчдийн эсрэг хүчирхийлэл газар авсны улмаас 600 хүн сонгуулийн өрсөлдөөнөөс сайн дураар гарсан юм. Үр дүнд нь мафийнхан төр засгийн нийт 3,000 орчим албан тушаалын зарим хэсэгт өөрийн хүмүүсээ шургалуулж чадсан гэдэг.

 

Эх сурвалж: Russia Today