Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын тал Индонез гэрийн үйлчлэгч эмэгтэйг гэнэт цаазалж, дипломат маргаан дэгдээв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Индонезийн ерөнхийлөгч Видодо, Саудын Арабын гадаад хэргийн сайд нар

Саудын Арабт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй 2010 онд өөрийг нь хүчиндэхийг завдсан ажил олгогчийн амийг хөнөөсөн хэрэг гарч байв.

Тути Турсилавати хэмээх энэ эмэгтэй аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлж байжээ. Тэгвэл Саудын Арабын эрх баригчид өнгөрсөн Даваа гарагт түүнийг гэнэт цаазалсан байна.

Энэ тухай мэдээг сүүлд хүлээж авсан Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр Саудын Арабын гадаад хэргийн сайд Адель Аль Жубэйртай утсаар ярьж, урьдчилж мэдэгдэлгүйгээр иргэнийг нь цаазалсанд гомдолтой байгаагаа илэрхийлж, тайлбар шаарджээ.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын гадаад хэргийн сайд Индонезид айлчлах үеэр Видодо үйлчлэгч эмэгтэйн асуудлыг хөндөн ярилцаж, өмнө нь Саудын хаан Салман болон угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман нартай уулзахдаа хэд хэдэн удаа энэ сэдвээр ярилцаж байсан юм.

Саудын Арабт дэлхийн 100 гаруй улс үндэстний төлөөлөл болсон 11 сая гадаад ажилчин байдаг гэдэг. Тэдний 2.3 сая нь гэрийн үйлчлэгчээр ажилладаг байна.

Исламын шашны хэт хуучинсаг ёс ноёрхдог Саудын Арабт ажил хөдөлмөр эрхлэгсдийн нөхцөл байдал хүнд хэцүүд тооцогддог. Өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл Рияад хотод Халлоуины баяр тэмдэглэсэн Филиппиний 19 ажилчныг эрх баригчид баривчилж байв. Тэднийг Мягмар гарагт сулласан тухай Филиппиний гадаад хэргийн яам мэдээлжээ.

Нэг хүүхдийн эх Тути Турсилавати Саудын Арабт ажиллахаар ирээд дөнгөж есөн сарын дараа 2010 онд гэмт хэрэгт буруутгагдаж, баривчлагдсан байна. Түүнд 2011 онд цаазаар авах ял оноогоод байсан юм.

Иргэдийнх нь эсрэг хүчирхийллийн хэргүүд бүртгэгдсэний дараа 2015 онд Индонез улс Ойрх Дорнодын 21 оронд ажилчин гаргахыг хориглож байжээ.

2011 оноос хойш дөрвөн Индонезийн иргэн Саудын Арабт цаазлуулсан байна. Одоо тус улсад Индонезийн 20 иргэн цаазын ялаа хүлээж байгааг өнгөрсөн гуравдугаар сард Жакарта Пост сонинд мэдээлжээ.

Эмнести Интернэшнлийн тооцоолсноор 2017 онд Саудын Арабт 146 хүнийг цаазалж, цаазын тоогоор дэлхийд Хятад, Ираны дараа орсон байна.

 

Эх сурвалж: AFP