Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчиллын анхдагчид Ерөнхийлөгчийг дэмжиж, өмнөөс нь өлсгөлөн зарлахаа илэрхийллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

1989 оны ардчилсан хувьсгалд голлох үүрэгтэй оролцсон Ардчилсан холбоо, Ардчилсан Социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил холбоо, Оюутны холбоодын төлөөлөл нэгдэж “Дөрвөн холбооны эвсэл”-ийг байгуулж буйгаа мэдэгдлээ. 

Ингээд зогсохгүй тус эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж сонордуулга гаргаж байгаа аж. 

Уг сонордуулгад 

  • Бүрэн эрх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж чадахгүй байгаа өнөөгийн УИХ тарах ёстой гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай нэгдэж байна
  • УИХ-ыг болзолгүйгээр тарахыг шаардаж байна. 
  • УИХ-ын шийдвэрээс шалтгаалан УИХ-ын даргын зөвлөлийн гишүүдийн тоотой тэнцүү тооны хүнийг өлсгөлөн зарлахад бэлтгэнэ. Цаашлаад УИХ-ын гишүүдийн тооноос ч илүү хүн өлсгөлөн зарлах болно гэсэн байна. 

Энэ талаар ардчилсан хувьсгалын партизан Б.Хишигбат “Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүндэтгэж түүнийг өлсгөлөн зарлуулахгүй байхын тулд, УИХ-ыг ухамсартайгаар тараалгахын тулд УИХ-ын даргын зөвлөлийн гишүүдийн тоотой ижил тооны хүн өлсгөлөн зарлах гэж байна. Яагаад заавал УИХ-ын даргын зөвлөлийн гишүүдийн тоотой тэнцүү тооны хүн өлсгөлөн зарлаж эсэргүүцэл илэрхийлэх гэж байна вэ гэдгийг тайлбарлая.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч олон санал санаачилга гаргаж УИХ-д оруулдаг. Гэвч УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, санаачилгыг дэмждэггүй. УИХ-ын даргын зөвлөл Ерөнхийлөгчийн санал санаачилгыг хэлэлцэх эсэхийг шийддэг. Энэ зөвлөлд УИХ-ын даргаас гадна УИХ-ын дэд дарга нар, байнгын хорооны дарга нар, бүлгийн дарга дарга нар ордог. 

Ер нь энэ УИХ-ыг тараасай гэж Монголын ард түмэн хүсдэг. Үүний илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Тиймээс бид Ерөнхийлөгчийг дэмжиж дээрх сонордуулгыг гаргаж байна” гэлээ.