Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын шинэ ерөнхийлөгч галт зэвсгийн хэрэглээг зөвшөөрөхөө амлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулийн үр дүнд Бразилын ерөнхийлөгч болсон Жайр Болсонару хэвлэлд өгсөн хамгийн анхны ярилцлагадаа галт зэвсгийн хэрэглээг хуулиар зөвшөөрөхөө амлажээ.

Тэрээр ийм замаар тус улсад газар аваад байгаа хүн амины гэмт хэрэгтэй тэмцэх гэнэ. Өнгөрсөн онд Бразилд 64,000 хүн бусдын гарт амиа алдсан нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт юм.

Телевизийн сувгаар 30 минут ярихдаа Болсонару “Иргэн бүрийг зэвсэггүй, гар хоосон байлгаснаар Бразилыг аюулгүй, амар амгалан улс орон болгоно гэдэг үзэл бол улс төрийн төөрөгдөл юм” гэж ярьжээ.

Аль болох олон хүнд галт зэвсэг эзэмших, өөрийгөө хамгаалахыг нь зөвшөөрвөл гэмт хэрэг, хүчирхийлэл багасах нь тодорхой гэж тэр үзэж байна.

Галт зэвсгийн эрх чөлөөг дэмжихээс гадна Болсонару арьс өнгөний үзэл, эмэгтэйчүүд, ижил хүйстнүүдийг ялгаварлах үзлээ байнга ил гаргадаг байсан.

Тэгвэл тэр Даваа гарагийн орой телевизийн сувгаар ярихдаа энэ хандлагаа өөрчилж “Бид бүгд ижил. Хүний арьсны өнгө ямар байх, бэлгийн чиг хандлага, хаана төрсөн, ямар хүйстэй байхаас үл хамааран бид бүгд тэгш эрхтэй. Нийгмийн аль нэг хэсгийг нь онцолж, бусдаасаа ялгаатай, давуу гэж үзэж нь буруу” хэмээн ярьжээ.

Гэвч Болсонаругийн галт зэвсгийн талаар хэлсэн үг тэр дороо сөрөг хүчний шүүмжлэлтэй тулгарсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан зүүний улс төрч Марина Силва “Бразилын хүн амын ихэнх нь зэвсэг эзэмших эрхээс илүү ухаалаг шийдлийг хүлээж байна. Бразилд үйлдэгдсэн хүн амины хэргийн 71 хувь нь галт зэвсэгтэй холбоотой байдаг. Буу зэвсэг олшрох тусам хүчирхийлэл нэмэгдэнэ” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

Улс төрийн үзэл нь байнга маргаан, зөрчил дагуулдаг байсан Жайр Болсонару ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь Бразилын улс төрд гэнэтийн үйл явдал болсон юм. 

 

Эх сурвалж: The Guardian