Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Амарбаясгалан: 6 секунд тутамд нэг хүн харвалтаар нас барж байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Тархины харвалт түүний нас баралтаар Монгол Улс дэлхийд дээгүүр байр эзэлж байна. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ" сэдвээр Монголын мэдрэл судлалын нийгэмлэг, УНТЭ, ШУГТЭ, ЭМЯ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх эмч, Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан "Жил бүрийн аравдугаар сарын 29-нд дэлхий нийтээрээ харвалт өвчинтэй тэмцэх өдөр тохиодог. Монгол Улс тархины харвалтаар бараг л тэргүүлж байна. ДЭМБ-аас бидэнд байнга арга хэмжээ авахыг сануулж байдаг. 

Бид жил бүр хэвлэлийн хурал хийж бодлого боловсруулж буй хүмүүс болон иргэдэд сануулга өгч, арга хэмжээнүүдийг авдаг ч харвалтын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 

ДЭМБ-ын мэдээллээр 6 секунд тутамд нэг хүн харвалтаар нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Харвалт нь халдварт бус өвчний дотор нас баралтаараа хамгийн өндөр үзүүлэлттэй байна. 

Яагаад харвалт их байна гэхээр манай улсад харвалтад хүргэх эрсдэлт хүчин зүйл их байгаатай холбоотой. Бид өөх тостой хоол их иддэг, давстай цай уудаг, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан илүүдэл жинтэй хүмүүс их байна. Мөн архи ууж, тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Эдгээр нь бүгд харвалтад хүргэх гол шалтгаанууд юм" гэв.

"Харвалттай тэмцэхийн тулд эмч нараа байнга чадавхжуулж байх нь чухал"
 
Гэрэл зургийг Mpa.mn

АШУИС-ийн мэдрэл судлалын тасгийн эрхлэгч Д.Бямбасүрэн "Харвалт өвчин нь маш өндөр нас баралт, өвчлөлттэй байна. Шат шатны эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өндөр мэдлэг, чадвартай байж цаг алдалгүй арга хэмжээ авч чадна. 

ДЭМБ, Дэлхийн харвалтын байгууллага бүгд харвалттай тэмцэхийн тулд цаг хугацаатай уралдан арга хэмжээ авч байна. Бид эмч нараа сургах зорилгоор гадаад улс оронд тогтмол сургалтад хамруулж байдаг. Тиймээс харвалттай тэмцэхийн тулд бид тодорхой бодлого явуулж, эмч нараа байнга чадавхжуулж байх нь чухал юм" гэлээ.

"Харвалтад өртсөн байсан ч өндийж босож чадна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан "Энэ жилийн харвалтын эсрэг өдрийн уриа нь "Харвалтад өртсөн байсан ч өндийж босож чадна" гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, харвалтад өртсөн бүх хүмүүс нас бардаггүй. Нас барахаас өмнө өндийгөөд босож болно. Үүний тулд анхны тусламж, ар гэрийнхний халамж, эмч нарын хариуцлага зэргээс шалтгаалсан бүрдмэл цогц эмчилгээ явагдах ёстой. 

Манай эмнэлэгт харвалтаар эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс болсон байдаг. Тэгэхээр хүмүүс харвалтаас сэргийлэхийн тулд үүнд хүргэж болох бүх өвчнөөс сэргийлэхийг уриалж байна. Цусны даралтаа бууруулж, жингээ барьж, чихрийн шижинд өртөхгүй бол та эрүүл байж, таны гэр бүл жаргалтай байна" гэв.