Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: 2020 он гэхэд явган хүн зорчих зам талбайг 3-5 хувиар нэмэгдүүлнэ

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа гэсэн үндслэлээр зарим газрын өмнөх газрыг албадан чөлөөлж байгаа билээ.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Нийслэлийн Засаг дарга явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах тайван орчныг нэмэгдүүлэх зорилгоор A809 захирамжийг гаргасан байдаг.

Дэлхийн томоохон хотууд автозамын түгжрэл, төвлөрлийг бууруулахын тулд зам, гүүр, давхар зам, нүхэн гарц барих зэрэг бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэдэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатар хотод 1960 оноос хойш хийгдээгүй томоохон гүүр, замын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Автозамын ажлууд ихээр хийгдэж байгаа ч явган хүний зорчих зам талбайг нэмэгдүүлж, иргэдийн алхах таатай орчныг бүрдүүлэх шаардлага байна. 

Зөвхөн автомашины зам, зорчих орчныг бүрдүүлэх бус явган хүний алхах зам талбайг ч мөн байгуулж, тохижуулснаар хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах юм. Тийм ч учраас хотын захирагчийн 2016-2020 оны ажлын хөтөлбөрт "Явган хүний зам" аяныг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

Тус аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх хоёр жилийн хугацаанд 3-5 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн он гарснаар нийт 10 байршлын, 15 гудамж зам талбайд 9,771 метр квадратад стандартад нийцсэн явган хүний зам талбайг барьж тохижуулсан ба тус ажил үргэлжлэн хийгдэж байна" гэлээ.

Хотын захирагчийн албанаас зөвшөөрөлгүй нийтийн эзэмшил, явган хүний зам талбайг хааж барьсан байгууллагын барилгыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллагын эзэмшил газар луу хүчээр халдан чөлөөлөөгүй ба мэдэгдэл хүргүүлж, засварлах хугацааг олгсоны дараа ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдол ийнхүү газрын кадастрын зураглалын дагуу хийж гүйцэтгэж байгаа аж.

Мөн зарим албан байгууллагууд мэдэгдлийг хүлээн авч, өөрсдийн зардлаар явган хүн зорчих талбайг тохижуулах тохиолдол ч мөн гарч байгааг онцлов.

Газар чөлөөлөлтийн ажлыг хийж дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл өгч байгууллагуудаас зардлыг гаргуулна

 
Гэрэл зургийг: mpa.mn

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Бид кадастрын зургаас барилга байгууламжаа илүү гаргаж барьсан байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, тодорхой хугацаанд засаж янзлах боломжийг олгосон. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тус ажлыг гүйцэтгэхэд мэдээж тодорхой хэмжээний зардал гарч байна. Газрын тухай хуулийн 57.4-т зааснаар "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд аймаг, нийслэлийн засаг дарга тус газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох заалтын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэсэн байдаг.

Тийм учраас бид газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгасны дараа шүүхэд нэхэмжлэл өгч байгууллагуудаас зардлыг гаргуулахаар ажиллаж байна.

Мөн Нийслэлийн газрын албанаас Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд, автозам, замын байгууламж, сургууль цэцэрлэг, эмнэлэг хорооны цогцолбор барих нийт 96 байршилд,1,841 нэгж, 220 га талбайд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж дуусах шатандаа орсон ба өнөөдрийн байдлаар 94 хувьтай байна" гэлээ.