Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн тийзний ҮНЭ БУУРАХ бодит боломжууд бий болсоор...

Б.Ану
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ өнгөрсөн зургаадугаар сард “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн 3.8, 3.9 дэх заалтуудад өөрчлөлт оруулан агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн билээ. 

Ингэхдээ зорчигч урсгалыг бүрэн нээх, нислэгийн тийзний үнийг бууруулах үүднээс Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжин чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгч дангаараа бус хоёрдогч авиа компани нислэг үйлдэх боломж бүрдүүлсэн өөрчлөлтүүдийг оруулсан тухай бид тухайн үед мэдээлж байв. 

Үүнтэй холбоотойгоор Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас (ИНЕГ) Сөүл, Бээжингийн чиглэлд нислэг үйлдэх хүсэлтэй авиа компаниудтай яриа хэлэлцээ хийсээр байгаа аж. 

Өчигдөр гэхэд ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба /НААХЗА/-ны дарга С.Манлай, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх болон албаны бусад хүмүүс БНСУ-ын “Жэжү эйр” авиа компанийн тээврийн асуудал хариуцсан захирал Парк Ён Чол, “Ай эйч Си” ХХК-ийн Ерөнхий захирал Квон Ик Сон нарыг  хүлээн авч уулзан Иргэний нисэхийн дүрэм-129/ИНД-129/-ийн дагуух гэрчилгээжүүлэлтийн асуудлаар санал солилцсон тухай ИНЕГ мэдээлжээ. 

“Жэжү эйр” авиа компани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ ИНЕГ-т илэрхийлээд байгаа юм байна. 

Тус компани 37 агаарын хөлөгтэй, эдгээрийн 20 гаруй нь Инчеоны нисэх буудлаас нислэг үйлддэг бөгөөд 10 гаруй орны 50 орчим чиглэлд олон улсын нислэг үйлддэг бол дотоодын 6 чиглэлд зорчигч тээвэрлэдэг ажээ.  “Жэжү эйр”  2019 онд парк шинэчлэлээ нэмэгдүүлж нийт 45 агаарын хөлгөөр гадаад, дотоодын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар ноён Парк Ён Чол өчигдөр ИНЕГ-т танилцуулсан байна. 

ИНЕГ-ын зүгээс дээрх авиа компанид“ИНД-129”-ийн дагуу таван шатлалтай хяналт, шалгалт хийж гэрчилгээ олгоно гэдгээ уулзалтын үеэр хэлжээ. “Жэжү эйр” нь манай улсад өмнө нь найман удаа тусгай зорилгот нислэг үйлдсэн туршлагатай.

Энэ тухай С.Манлай "Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тийзний олдоцын асуудал хүндрэлтэй байгаа учраас үүнийг мэдэрч Солонгосын агаарын тээвэрлэгчдээс тогтмол нислэг үйлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа. “Жэжү эйр” нь ийм хүсэлт илэрхийлсэн Солонгосын гурав дахь авиа компани. Өмнө нь “Eastar jet” компани хүсэлтээ гаргаж “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авч нислэг үйлдэж эхэлсэн. Одоогоор нислэг нь тогтмолжоогүй. “Жэжү эйр” компани нь дараалсан найман тусгай зорилгот нислэг үйлдээд лимит нь дууссан учир тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ ийнхүү илэрхийлээд байгаа юм.

Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт оруулснаар агаарын тээвэрлэгчдийн тоо нэмэгдэж тийзний хямд үнэ санал болгох гэж өрсөлдөгчид бий болж байна. 

Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдээд удаагүй “Eastar jet” компанийн тийзний үнэ харьцангуй хямд байсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Одоо тогтмол нислэг үйлдэж буй “Кореан эйр” компани цаашид онгоцоо сольж томруулах хүсэлт гаргаад байна. Гэхдээ энэ нь хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрээс хамаарч шийдэгдэх ёстой. Тиймээс агаарын хөлгийн маркийг өөрчлөх эсэх асуудлыг бусад асуудал цэгцэрсний дараа шийдье гэсэн хариу өгөөд байна" гэжээ. 

Хэдхэн хоногийн өмнө Зам, тээврийн хөгжлийн сайд шинээр томилогдоод буй.  УИХ-аас зургаадугаар баталсан агаарын тээврийн салбар дахь чөлөөт өрсөлдөөн бий болгох бодлогын баримт бичиг ажил хэрэг болоход салбарын сайдгүй байснаас ажил нэлээд удааширсан талтайг эх сурвалжууд онцолж байв. 

Харин УИХ-ын намрын чуулган эхэлж шинэ сайд томилогдсоноор Сөүл, Бээжингийн чиглэлд шинэ өрсөлдөгчид гарч ирэх ажил түргэсгэх боломж бүрдэх нь. 

Тухайлбал, Монгол, Солонгосын агаарын харилцааны гэрээг шинэчлэх асуудал ирэх арваннэгдүгээр сард шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа талаар С.Манлай ярьсан байна. 

Одоогоор Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатарын чиглэлд буюу Монгол, Хятадын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинэ өрсөлдөгч оруулж ирэх асуудал төдийлөн ахиц гараагүй, судалгааны шатандаа, БНХАУ-ын зүгээс ч тодорхой хариугүй байгаа тухай бас нэг албаны эх сурвалж мэдээлсэн юм. 

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Тамир өмнө iKon.mn сайтад өгч байсан ярилцлагадаа Хятадад дахин шинэ чиглэлийн нислэг хийх гэж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл шинэ чиглэлийн нислэгийн эдийн засгийн өгөөжийн судалгаа дуусаагүй байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. 

ИНЕГ-ын өгч буй мэдээллээр  "МИАТ компанийн агаарын хөлгийн тоо хязгаарлалттай учраас нэг чиглэлд олон нислэг үйлдэж чадахгүй байна. “Аэромонголиа” компани удахгүй хоёр дахь агаарын хөлгөө оруулж ирэх асуудал ярьж байгаа. Тус компани Солонгосоос гадна Тяньжин, Новосибирск чиглэлд нислэг үйлдэхээр яриа хийж байгаа" гэж байв. 

Үүнээс үзвэл, Монгол, Солонгосын хоорондын нислэгүүдийн сонголт хэд хэдээр нэмэгдэх боломж бүрдэх нь. С.Манлайгийн өгсөн мэдээллээр "Аливаа компани дөнгөж нисч байгаад гэрчилгээ хүсэх нэг өөр, нисч байгаад гэрчилгээгээ дахиад сунгуулах нэг өөр цаг хугацаа шаарддаг. “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээжүүлэх ажил таван шатлалтай. “Жэжү эйр” компаниас гаргасан хүсэлтийн дагуу одоогоор агаарын тээвэрлэгчийн бичиг, баримтуудыг нь үзэж шалгах, танилцах гэх мэт эхний хоёр шатанд ажил явагдаж байна" гэв. 

Мөн “Скат” гэж авиа компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд удахгүй нислэг үйлдэхээр бэлтгэгдэж байгаа юм байна. Энэ тухай С.Манлай "Монгол, Казахстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 18 жил идэвхгүй болоод байсан юм билээ. “Скат” компани дээрх чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсноор агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаа сэргэж байна гэж хэлж болно" гэжээ. 

Монголчуудын хувьд эрэлттэй байдаг Сөүл, Бээжингийн нислэгүүдэд чөлөөт өрсөлдөөн бодит утгаар бий болсноор нислэгийн тийзний үнэ 20 орчим хувиар буурах боломжтой тухай ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ мэдээлж байсан билээ.