Индэр    
2018 оны 5 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

"Монголын Эдийн засгийн чуулган 2018"-ын ҮР ДҮНД хүрсэн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тийзний үнэ буух, Аялал жуулчлалын салбар хөгжих эсэх шийдвэр УИХ-д үлдлээ 

Монгол Улс сая жуулчин хүлээж авах зорилго тавиад олон жил ярьсан. Тэгвэл "2017 онд нийт 471 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд 400 орчим сая долларын ашиг олсон байна. Энэ нь өмнөх оноосоо 21.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Яг өнөөдрийн нислэг, галт тэрэг, зочид буудлын багтаамжийг суурилан жуулчдын тоог 206 мянгаар өсгөх боломжтой. Ингэхдээ урсгалыг нь 12 сараар хуваарилах шаардлага бий" талаар Үндэсний Аялал жуулчлалын байгууллага ТТБ-ын тэргүүн Б.Индраа “Монголын Эдийн Засгийн Чуулган -2018”-ын “Аялал жуулчлал ба Агаарын тээвэр” салбар хуралдааны үеэр мэдээлсэн юм.

Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын тоог хоёр дахин өсгөх буюу нэг саяд хүргэж чадвал Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт хамгийн багадаа 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой талаар төр болон хувийн хэвшлийн байгууллагаас мэдээлж буй. 

Тэгвэл жуулчдын тоог нэг саяд хүргэх энэ зорилт хэзээ, хэрхэн биелэгдэх боломжтой вэ. Үүнд агаарын тээвэр болоод бусад асуудлыг хэрхэн шийдэх талаар “МЭЗЧ -2018” -аар хэлэлцлээ. 

“Аялал жуулчлал ба Агаарын тээвэр” салбар хуралдаанд: 

  1. Модератороор iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа,

Панелистуудад: 

  1. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
  3. “Үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-ын тэргүүн Б.Индраа 
  4. “МИАТ” ТӨХК-ийн захирал Д.Баттөр  
  5. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхийн эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн дэд захирал О.Батболд нар оролцов. 

Хурлыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулга хийсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын Аялал жуулчлалын нэгдсэн чиглэл бодлогын төсөл бэлэн болсон талаар мэдээлсэн юм. 

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд агаарын тээвэр болон авто зам зэрэг дэд бүтцийн шаардлага их гардаг учир аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг холбох холбогдох сайд, дарга нарыг болон мэргэжилтнүүдийг байлцуулан хэлэлцүүлэг хийсэн нь учиртай. 

 
Д.Баттөр,

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж аваад удаагүй байгаа Д.Баттөр “Бид чөлөөт өрсөлдөөнд бэлэн. Гэхдээ агаарын тээврийн салбарын чөлөөт өрсөлдөөнийг үе шаттай хэрэгжүүлэх нь зөв” гэж “Аялал жуулчлал ба Агаарын тээвэр” хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа. 

Мөн Кореан Эйр компанийн монопольчлолын талаар гарсан мэдээлэлд “Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь нутагт гарч байгаа мэдээллийн талаар би буруу, зөв гэдгийг хэлж мэдэхгүй байна” гэсэн хариу хэлж байв. 

Ямартай ч ажлаа аваад удаагүй байгаа МИАТ-ийн шинэ захирал Д.Баттөр МИАТ-ийг өрсөлдөөнд бэлдүүлж алдагдалтай байдаг “Берлин, Франкфурт гэх мэт олон чиглэлийн асуудал яах нь тодорхойгүй нэг хэсэг болсон байсан. Эдгээрийн тооцоо судалгааг хийж байж, асуудлыг шийдэх ёстой” гэж байлаа. 

Түүнчлэн удаан хугацааны туршид яригдаж байгаа Туркиш Эйрлайнсийн олон удаагийн давтамжтай нислэг үйлдэх хүсэлтийг хэлэлцэж хэрхэхээ шийднэ гэдгээ салбарын сайд мэдэгдсэн юм.  “Туркиш Эйрлайнсийн онгоц Бишкек дээр саатдаг байдлыг зогсоож шууд нислэгтэй болгож магадгүй” гэж Ж.Бат-Эрдэнэ сайд хэлсэн. 

 
Б.Индраа

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр аялал жуулчлалын салбарт зөвхөн агаарын тээврийн либералчлалыг шийдсэнээр Монголчууд нэг сая жуулчин хүлээж авах боломжтой юу гэсэн асуултад Үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын тэргүүн Б.Индраа "Аялал жуулчлалын салбар өөрөө 16 дэд салбараас бүтдэг тул олон салбарын хамтын ажиллагаа чухал” гэж байв. 

Мөн тэрбээр жуулчдын зарцуулж байгаа мөнгөний 65 хүртэлх хувь нь тухайн орон нутаг, аж ахуйн нэгжид,  дөнгөж 3 хувь нь яг орон нутгийн иргэдийн халаасанд үлдэж байгаа судалгааг танилцуулсан юм.  

Монгол Улсын аялал жуулчлал нь тэмээний бөх шиг буюу зөвхөн зуны цөөхөн саруудад огцом өсөлт гарч бусад улиралд жуулчид ирдэггүй байдлыг арилгахын тулд олон улсын хэмжээний томоохон хурал, чуулгануудыг өвлийн улиралд зохион байгуулах зэрэг нэгдсэн зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай байгааг Б.Индраа онцолж байлаа. 

Тэрбээр нэмж хэлэхдээ “Салбар хоорондын бодлогыг уялдуулж хамтарсан маркетинг хийхдээ мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийг түлхүү оролцуулах саналтай байна” гэж байв. 

 
`Аялал жуулчлал ба Агаарын тээвэр` хэлэлцүүлэг, баруун гар талаас Б.Индраа, О.Батболд, Ч.Болортуяа нар,

Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр Монгол Улс дан ганц уул уурхайгаас хараат бус тогтвортой хөгжлийг авчрах боломжтой гэж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхийн эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн дэд захирал О.Батболд ярьсан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгийг сонгон аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд дээрх гурван аймагт орчин үеийн аялал жуулчлалын хөгжилтэй уялдуулан аялал жуулчлалын бодлогын баримт бичгүүдийг шинэчлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалд зориулсан шинэ бүтээгдэхүүнийг Монгол, Тайланд, Германы зөвлөхүүдтэй хамтран боловсруулах ажээ.

О.Батболд захирлын хэлж буйгаар аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгаль орчны хамгаалалт тал дээр давхар анхаарах шаардлага байгаа бөгөөд үүний хүрээнд аялал жуулчлалын бүсчлэл бий болгож эдийн засгийн салбарууд хоорондын зөрчлөөс зайлсхийх шаардлагатай гэв. Мөн орон нутгийн иргэдэд аялал жуулчлалын талаар мэдлэг, мэдээлэл өгөх шаардлагтай байгааг онцоллоо.

iKon.mn "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цувралын хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөхцөл шаардлагуудад хамгийн түрүүнд дэд бүтэц тэр дундаа агаарын тээврийн либералчлал буюу ирэх, явах урсгалаа чөлөөлөх зайлшгүй шаардлага байгааг онцлон хөндсөн. Тиймээс ч энэ сэдэв илүү өндрөө авч салбар дотроо, олон салбар дундын мэдээлэл нэг түвшинд ирж байна. 

Энэхүү цуврал ярилцлагын үеэр Таван Богд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс өнөөдөр гуравхан сая хүн амтай. Өнгөрсөн жил Монголд ирж ажилласан хүмүүсийг оролцуулаад 470 мянган жуулчин авч байгаа нь үнэхээр хангалтгүй.

Солонгосын жишээг татъя. Энэ улс өнөөдөр жилд 16 сая жуулчин аваад үүнтэй тэнцэхүйц хүн нь мөн гадны улс руу жуулчилдаг. Гэтэл энэ 16 сая хүнээс Монгол Улс ердөө наяхан мянган хүн авсан нь үнэхээр нислэгтэй холбохоос өөр аргагүй. Зөвхөн энэ чиглэлд МИАТ нь зөв нисээд, үнээ бууруулаад, нислэгийн тоогоо нэмж чадвал Монголчууд зөвхөн Солонгосоос л гэхэд сая жуулчин авах боломжтой гэж би харж байна. Мөн Бээжингийн чиглэлийн нислэг. Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум долларын эдийн засаг гэж үзвэл Хятадынх 1,300 дахин том. Ийм эдийн засгаас бид сая жуулчин авах маш том боломж байна.

Хятадаас нэг сая, Солонгосоос нэг сая, Японоос нэг сая жуулчин, бусад улсаас нэг сая гээд дөрвөн сая жуулчин авах ёстой. Миний тооцоолж үзсэнээр Монгол Улс гурван сая жуулчин авах юм бол 400-500 мянган хүний ажлын байр бий болно.

Өнөөдөр Монголд хамгийн том тулгамдсан асуудал бол утаа, гэр хороолол, жорлонгийн асуудал байгаа хэдий боловч энэ бол эцсийн дүндээ ажилгүйдэлтэй л холбоотой. Хүн бүр ажилтай, цалинтай, орлоготой болоод эхэлбэл хүн ам нь цөөн учраас компаниуд чадварлаг боловсон хүчин авахын тулд цалингаа өсгөнө. Өрсөлдөөн бий болно. Орлого нэмэгдэнэ. Том асуудлыг шийдэх маш том гарц нь болох юм болов уу л гэж бодож байна. 

Нэг жуулчин мянга биш доод тал нь 1,500 долларын тухай шүү дээ. 

Мөн зарим хүн жорлонгийн асуудлаа шийдэж чадахгүй байж юун жуулчин авах тухай гэдэг. Бага хүн ирдэг байхад үйлчилгээ сайн байх уу, их хүн ирдэг байхад үйлчилгээ сайн байх уу. Илүү их хүн ирдэг байгаад аялал жуулчлалын салбарт холбогдох хүний тоо нэмэгдэх тусам боловсон хүчний чанар сайжраад салбар нь тэр чигтээ сайжрах юм" гэж байсан билээ. 

Тиймээс ч асар их боломж байгаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд дараах ажлуудыг хийх шаардлагатай байгааг “МЭЗЧ-2018”-ын “Аялал жуулчлал ба Агаарын тээвэр” хэлэлцүүлгийг дүгнэж болохоор байна. 

Үүнд: 

НЭГТ. БОАЖЯ-аас боловсруулсан Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн чиглэл бодлогын баримт бичгийн төслийг Засгийн Газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлж батлуулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх,

ХОЁРТ. Аялал жуулчлалын үндсэн чиглэл батлагдсанаар Агаарын тээврийн болон авто замын шинэ төслүүдэд ЗТХЯ идэвх санаачлагатай оролцох. Ингэхийн тулд юуны түрүүнд агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох бодлогын баримт бичиг буюу “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-н хаврын чуулганаар хэлэлцэж батлах. Жишээ нь, Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгийг чөлөөт өрсөлдөөн бий болгох мөн МИАТ болон гадны авиа компаниудын монопольчлолыг задлахад ЗТХЯ онцгой анхаарч ажиллах,

ГУРАВТ. Монгол Улс нэг сая гадаадын жуулчин хүлээж авахад дэд бүтцээс гадна нэгдсэн нэг брэндинг бий болгох мөн дижитал шилжилтийг яаралтай хийх. Ингэхдээ салбарын мэргэжлийн болон хувийн хэвшлийн санал санаачлагыг тусгаж хамтын ажиллагааг бий болгох. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын улирлын чанартай нөлөөллийг бууруулах, визний асуудлыг шийдэх, нутгийн иргэд, тухайн орон нутагт өгөөжтэй аялал жуулчлалын бодлогыг бий болгоход шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хамтран гаргаж хүчээ нэгтгэх шаардлагатай байна. 

Н.Цэрэнбат сайд ч эдгээр асуудлыг шийдэхийн тулд "Хүчээ нэгтгэх шаардлага байна" гэж хуралдааны төгсгөлд хэлж байв. 

Агаарын тээврийн либералчлал ба Аялал жуулчлал хэлэлцүүлэг өнгөрсөн гуравдугаар сард болсон Монголын Эдийн Засгийн форумын урьтал хэлэлцүүлгээр мөн яригдсан бөгөөд энэ хэлэлцүүлгээс юуны түрүүнд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” -ыг цуцалж эхний ээлжинд Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжингийн чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болгох шийдэлд хүрсэн юм. 

Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ хаврын чуулганаар дээрх бодлогын баримт бичгийг цуцалж бодлогодоо өөрчлөлт оруулахаар болсныг мэдээлж байлаа. Тэрбээр iKon.mn "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цувралын хүрээнд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. 

Ж.Бат-Эрдэнэ сайдын мэдэгдэж байсан энэхүү асуудлыг юуны түрүүнд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ дэмжих шаардлага байсан нь бараг биеллээ олж байх шиг байна. 

Тодруулбал “МЭЗЧ -2018”-ыг хаасан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгэнд "Агаарын тээврийг либералчилж, өрсөлдөөн бий болгох асуудлаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихыг холбогдох сайд нарт үүрэг болгож байна" гэж хэлсэн юм. 

Мөн У.Хүрэлсүхийн Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж хэлсэн нь биеллээ олж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн баталжээ. Ингэхдээ МИАТ ТӨХК-ийг хувьчлахыг Засгийн газар дэмжжээ. Төрийн өмчит компаниудын 49 хүртэлх хувийг хувьчлахдаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж хийхээр болсон байна. 

Мөн Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө.

 “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” -ын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахад эцсийн шийдвэрийг  УИХ гаргана. 

УИХ-ын гишүүд дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ гэдэг сонирхолтой. Хууль тогтоогчид шийдвэр гаргахдаа тухайн холбогдолтой салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, олон нийтийн саналыг сонсох нь хамгийн чухал. Энэ боломжийг аливаа хэвлэл мэдээлэл, нээлттэй хурал, чуулганууд олгож байдаг. Үүний нэг нь “Монголын Эдийн Засгийн Чуулган -2018” боллоо. 

iKon.mn сайтын "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цувралын дараагийн зочноор Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сайд оролцохоор боллоо.