Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зайрмагны худалдаачин ядуу Пакистан эр дансанд нь олон сая байгааг мэдээгүй явсаар алджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Пакистаны ерөнхийлөгч асан Асиф Али Зардари

Пакистаны Карачи хотын ядуусын дүүрэгт зайрмаг зарж амьдардаг 52 настай Абдул Кадир өөрийгөө олон саяын хөрөнгөтэй болоод байгааг мэдээгүй явсаар алдсан байна.

Түүний нэрээр үүсгэсэн банкны дансанд 2.3 тэрбум рупи ($18 сая) нэг жил гаруй хугацаанд хадгалагдаж байгаад нэг өдөр алга болжээ. 2014 онд Кадирын нэр дээр үүсгэсэн дансанд уг мөнгө хадгалагдаж байгаад нэг өдөр бэлнээр гарсныг Пакистаны төрийн банкныхан сэжиглэж, цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Гэтэл энэ нь 2007-2015 оны хооронд Пакистаны ерөнхийлөгч байсан Асиф Али Зардаригийн хууль бус мөнгө байжээ. Тэр авлигын замаар олж авсан нийт 35 тэрбум рупиг ($280 сая) ядуу иргэдийн нэр дээр үүсгэсэн 77 орчим дансаар дамжуулж угаасан нь энэ юм байна.

Кадирын иргэний бичиг баримтын хуулбарыг ашиглан өөрт нь мэдэгдэлгүй данс үүсгээд түүгээрээ дамжуулж бэлэн мөнгө гаргасан байжээ.

Зайрмагны худалдаачин ядуу эр өөрт нь ийм мөнгөтэй данс байгааг мэдсэн ч авах боломжгүй байсан гэнэ. Учир нь тэр бичиг үсэг мэдэхгүй.

Ингээд их мөнгөний хэрэгт холбогдсон ядуу эр хэд хэдэн удаа цагдаад байцаагдаж, энэ дуулиан амьдралд нь гай болж эхэлсэн байна. Учир нь ядуусын хорооллынхон түүнийг баян мөртлөө зайрмаг зарж явна хэмээн элэглэн шоолж, борлуулалт нь эрс муудсан гэнэ.

Зайрмаг зарсан мөнгөөрөө Кадир хоёр хүүхдээ тэжээж амьдардаг. Түүнийг мөнгөтэй гэж бодсон гэмт этгээдүүдэд барьцаалагдахаас болгоомжилж, гадуур явахаа ч багасгахад хүрчээ.

Кадир саяхан орон нутгийн телевизийн сувагт ярихдаа “Би энэ дэлхийн хамгийн азгүй хүн байх” гэж ярьсан байна.

Их мөнгөний эзэн ерөнхийлөгч асан Зардари нь Пакистаны Ардын Намын дарга бөгөөд одоо хуулийнханд шалгагдаж байгаа юм. Түүнийг “Ноён 10 хувь” гэж хочилдог, алдартай авлигач гэсэн яриа байдаг. Гэхдээ Зардари өөрийгөө ямар ч буруугүй гэдгийг дахин дахин мэдэгдсээр байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian