Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн томоохон компаниудын серверт Хятадын арми тагнуулын чип суулгасан тухай мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Apple, Amazon зэрэг Америкийн технологийн томоохон компаниудын сервер компьютерт Хятадын цэргийн тагнуулынхан нууцаар өчүүхэн жижиг чип суулгаж, мэдээлэлд хандах гарц өөртөө бий болгодог тухай Блүүмбэрг өчигдөр мэдээлсэн юм.

Үзэгний хошууны үзүүрийн хэмжээтэй уг жижиг эд ангийг мэргэжлийн багаж төхөөрөмж, програмд илрэхгүй байхаар зохион бүтээж, Хятадад үйлдвэрлэх явцад серверийн эх хавтанд суулгадаг тухай дээрх мэдээлэлд өгүүлжээ.

Уг мэдээлэл тарсны дараа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр өнөөдөр өглөө Lenovo компанийн хувьцааны үнэ 23 хувиар унаж, бусад технологийн компаниудын хувьцаа ч дагаж унасан байна.

Тухайлбал харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE корпорацийн хувьцааны үнэ 14 хувиар унажээ.

Дээр өгүүлсэн чипийг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн кибер халдлагын мэргэжилтнүүд зохион бүтээсэн бөгөөд суулгасан компьютер, серверийнхээ бүх мэдээлэлд хандах боломжийг олгодог гэнэ.

Серверүүдийг АНУ-д борлуулдаг Калифорнийн Сан Хосед төвтэй Super Micro Computer компани уг чипийг 2015 онд анх илрүүлж, Apple, Amazon компаниуд, банк санхүүгийн болон засгийн газрын байгууллагууд зэрэг нийт 30 томоохон байгууллагын мэдээлэлд хандаж болж байгааг мэдсэн гэж дээрх мэдээнд өгүүлжээ. Super Micro Computer компани нь “тоног төхөөрөмжийн ертөнцөд Майкрософт” гэгддэг томоохон нийлүүлэгч бөгөөд гол эд ангиудаа Хятадад захиалж үйлдвэрлүүлдэг гэнэ.

Гэвч Apple, Amazon, Super Micro Computer компаниуд бүгд Блүүмбэргийн мэдээг эрс няцаасан байна. Тухайлбал Super Micro Computer компани “Ийм зүйл илэрсэн тухай бидэнд ямар ч мэдээлэл алга” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ. Хятадын засгийн газар мөн дээрх мэдээллийг няцаасан мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Хятад бол кибер аюулгүй байдлыг тууштай хамгаалагч улс. Талууд бие биеэ хардах, сэжиглэхээ зогсоож, кибер орчинд тогтвортой, аюулгүй, нээлттэй байдал, дэг журам тогтоохын төлөө хамтран ажиллахыг бид уриалж байна” гэсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press