Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зам, тээвэр хөгжлийн сайдаар томилогдсон Я.Содбаатар өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орно

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томиллоо. Чуулганд 65 гишүүн ирснээс 59 нь дэмжиж, 90.8 хувийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Зам, тээвэр хөгжлийн сайдаар томиллоо.

Ингэснээр УИХ-ын тогтоол батлагдаж, Зам, тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орохоор болж байна.

УИХ-ын дарга М.Энхболд шинэ сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Өмнөх сайдын захиас

Гэрэл зургийг mpa.mn

Харин ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ "Я.Содбаатар гишүүнийг дэмжиж байгаа. Танд ажлын амжилт хүсье. 

Боловсон хүчинд анхаарч ажиллаарай. Ер нь яамны, цаад аль ч салбарын боловсон хүчинд гоц анхаарах хэрэгтэй. Сая боловсон хүчний хувьд хариуцлагагүй болсон салбар гэж ярилаа. Бас ч гэж тийм биш ээ. Ер нь бол жаахан номондоо орсон шүү.

Яаман дээр мемори, санамж гэдэг зүйл байхгүй болсон. Бүх салбарын газрын дарга нарыг сольсон. Яг суурийг мэдэж байгаа газрын дарга нар тэнд хэд байгаа бол. Нэг л байгаа байх. 

Тэгэхээр эхлүүлсэн олон ажлуудыг цааш нь үргэлжлүүлэхийн тул газрын дарга нарт сайн анхаарах хэрэгтэй. Дахиад сонгон шалгаруулалт болно гэсэн, анхаараарай. Явах ёстой хүмүүс нь буцаад ирчихсэн байгаа шүү, анхаараарай.Ер нь хүн ажиллуулна гэдэг заавал тухайн салбарыг нь мэдэхээс илүүтэй, менежментээр удирдах нь гол. 

Салбар бол үнэхээр хариуцлагатай. Яг өөрсдийнхөө салбарыг мэддэг хүмүүс нь газар газартаа байгаа. Тэднийг шахаж ажиллуулах нь л чухал. 

Тавантолгой, Гашуунсухайт явах төмөр замын бүх эрх зүйн орчин нь бий болсон. Уул уурхайн яамтай нягт ажиллах ёстой. Тэгж байж зогссон байсан төмөр зам цааш явах боломжтой. Авто замын хяналтын талаар ярилаа. Авто замыг сайжруулах тал дээр анхаарах ёстой шүү.

Бид 2019 оны төсөвт бүх шинэ хийсэн замуудад хяналтын пунктүүд тавина гэж оруулсан боловч сая орсонгүй. Одоо энэ тавьсан замуудаараа бид хоёр жилийн дараа гэхэд Улаанбаатар хотоо бүх аймгийн төвүүдтэй холбож чадна. 

Иргэний нисэхийн либералчлалтай холбоотой асуудлыг манай гишүүд дэмжиж байна. Энэ нь иргэдэд ашигтай. Тийзний үнэ бууж, өрсөлдөөн бий болж, аялал жуулчлал хөгжих ёстой. Шинэ нисэх буудал бий болох ёстой. Үүн дээр онцгой анхаарах ёстой" хэмээн захилаа.