Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох асуудлыг УИХ хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсвийг хэлэлцэж байх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах санал гаргалаа. Ингэснээр ирэх оны төсвийн асуудлаар 5 хоногийн завсарлага тус бүлэгт өглөө.

Харин одоо Засгийн газрын гишүүнийг томилох тухай буюу Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж байна.

Тус яамны сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарын товч танилцуулга:

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
  • 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
  • АЖИЛЛАСАН БАЙДАЛ
  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
  • 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
  • 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцуулав

"Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ гэж Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд  Засгийн газрын гишүүний оронтоо гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно гэж тус тус заасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна.

Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймагт төрсөн бөгөөд 1992 онд Өвөрхангай аймгийн Нэгдүгээр дунд сургуулийг, 1997 онд Улаанбаатарын их сургуулийг, 2004 онд Удирдлагын академийг тус тус суралцаж, төгссөн. Фикизч мэргэжилтэй, доктор PhD зэрэгтэй. 

Удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч xанарыг харгалзан Засгийн газраас тавьж буй зорилтуупыг хэрэгжүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай гэж үзэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналтай байгаа тул асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү" гэв.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын 19 дүгээр зүйлийн 19.2.6, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг үндэслэн 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Я.Содбаатар нь физикч, инженер мэргэжилтэй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлсэн туршлагатай бөгөөд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Нэр дэвшигчийн анкет, тогтоолын төсөл холбогдох бусад материалыг та бүхэнд тараасан.

УИХ-ын гишүүдээ, Зам тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлэх асуудлаар тус байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье" хэмээн танилцууллаа.