Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч зэвсэг зарах зорилготой Энэтхэгт айлчилж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон тэрбумын дүнтэй зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулахаар Энэтхэгийн нийслэлд газарджээ.

Путины хоёр өдрийн айлчлалын гол зорилго нь $5 тэрбумын дүнтэй С-400 орчин үеийн агаараас хамгаалах систем нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах гэж Кремль мэдээлсэн байна.

Айлчлалын өмнө АНУ-ын засаг захиргаа Оросоос зэвсэг худалдаж авахыг дэлхийн улс орнуудад хориглоод байгаагаа Энэтхэгт сануулжээ.

Өнгөрсөн сард Вашингтон Оросын Су-35 байлдааны нисэх онгоц, С-400 агаараас хамгаалах системийг худалдаж авсан Хятадын армид эдийн засгийн хориг тавьсан юм.

Гэвч Америкчууд Энэтхэгт ийм шийтгэл оноох боломжгүй нөхцөл байдалд байна. Учир нь Хятадын нөлөөг тогтоон барихад Энэтхэг улс Вашингтонд чухал хэрэгтэй байгаа.

Хоёр орны удирдагчид 2019 онд хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулах, тагнуулын мэдээлэл солилцох тохиролцоог өнгөрсөн сард хийсэн юм. Одоогоор АНУ нь Энэтхэгийн хоёр дахь том зэвсэг нийлүүлэгч бол ОХУ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Путин, Моди нар өнөөдөр нийт $2 тэрбумын дүнтэй Кривак ангиллын дөрвөн хөлөг онгоц, $1 тэрбумын дүнтэй Ka-226 загварын 200 ширхэг нисдэг тэрэгний наймааг бас хэлэлцэх төлөвтэй байгааг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Хамгийн орчин үеийн С-400 агаарын довтолгооноос хамгаалах систем нь Хятад, Пакистан гэсэн хүчирхэг дайснуудтай Энэтхэгт чухал хэрэгцээтэй зэвсэг юм.

Тиймээс Вашингтоны анхааруулгыг үл тоон худалдаж авахаар болжээ.

Энэтхэг, Орос улсууд 1953 онд Сталиныг нас барснаас хойш ойр дотно холбоотой явж ирсэн. Гэвч 2014 оноос хойш Нарендра Моди Вашингтонтой ойртож, Кремлийн удирдагчид Пакистан, Хятадтай дотноссоноор харилцаа нь суларсан юм.

Гэвч сүүлийн жил гаруй хугацаанд харилцаа дахин сэргэж байна. Энэтхэг улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болгохыг ОХУ дэмжиж, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд байнгын суудалтай болох удаан хугацааны оролдлогыг нь дэмжиж байна.

Гэхдээ талуудын дунд санал зөрөлддөг ганц асуудал байдаг нь Афганистан юм. Москва тус улсад энх тайвныг тогтоох үйл явцад Талибаны талыг оролцуулах хүсэлтэй бол Энэтхэгийн тал үүнийг нь зөвшөөрдөггүй.

 

Эх сурвалж: AFP