Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.доллар “номхорно” гэв

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар өнөөдөр 2,567.26 төгрөгт хүрэв.

Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, алт тушаалт амжилттай хэрэгжиж байхад төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5 орчим хувиар суларсанд Монголбанкийг шүүмжлэн буруутгах хүн олон. Тийм ч учраас энэ сэдвээр “Өдрийн сонин” өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна Дэлхийн банк бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайлангаа танилцуулсан үйл явдал давхцав.

Дэлхийн банк ямар тайлбар өгөв

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нүтгийн эдийн засгийн шинэчилсэн тайлангийн танилцуулгад Тус банкны Зүүн өмнөд Азийн орнуудын Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Депак К.Мишра оролцсон юм. Тэрбээр ханшийн талаар сэтгүүлчид түлхүү сонирхож байсан тул дараах тайлбаруудыг өгсөн юм.

Валютын нөөцийн талаар  

  1. Монгол Улсын одоогийн эдийн засгийн нөхцөлд 3 тэрбум ам.долларын нөөц зохицуулалт хийхэд хангалттай түвшинд байна. Өөрөөр хэлбэл, энэ нь 4.4 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний нөөц юм. Олон улсын хэмжээнд 4 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд байх нь хангалттай гэж үздэг байна. Тиймээс Монголын хувьд эрсдэл үүсэх нөхцөл биш.

  2. Гадаад орчноос ханшийн шок нэлээд ирж байна. Энэ нь

  • АНУ-ын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс хурдтай чангарч байна.
  • Ам.долларын ханш дэлхий даяар чангарч байна.
  • Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш буурч байгаагаас хамааралтай.

Гадаад орчны нөлөө ийнхүү хүчтэй байгаа тул дотоод орон зайгаа ашиглаж, бодлого гаргах нь чухал. Үүний тулд

  1. Төсвийн бодлого дээр сахилга нэлээд сайжирсан. Үүнийг 2019 онд ч хадгалах хэрэгтэй. Ялангуяа, мөчлөг сөрсөн бодлого шаардлагатай.

  2. Төв банк инфляцыг хяналтандаа байлгана гэдэгт итгэж байна.

  3. Тав банк валютын нөөц бүрдүүлэхэд нэлээд хүчин чармайлт гаргасан. Тиймээс одоо хөвөгч бодлого барих боломж байгааг анхаарах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр төгрөгийн ханш унаж байхад Төв банк доллараа худалдаж, интервенц хийх нь нөөцөө үр ашиггүй дундлахаас гадна эдийн засгийн бусад механизмдаа сөрөг нөлөөтэй учраас оролцохгүй байх нь зөв байж болох юм гэсэн юм. Нөгөө талаар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь экспортыг дэмжих, бизнесийн өрсөлдөх чадварыг хадгалахад зорьж байгаа хэмээн харж байгаагаа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква хэлсэн.

Эдийн засагчдын хувьд энэ өсөлт хэвийн үзэгдэл

“Өдрийн сонин”-ы зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон банкны зарим удирдлага оролцсон юм.

Тэдний байр сууриас сонирхуулбал:

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:

Татварын орлого биелснийг бүтээмж нэмэгдсэн мэтээр ойлгоод байна. Бүтээмж нэмэгдсэн гэсэн үг биш. Монголбанк, Засгийн газар буруу барометр ашиглаад бодлогоо буруу тодорхойлоод байна.

Сангийн яам, Монголбанкийг салгасан улс нь Англи. Тэгвэл тэд эргээд энэ хоёр бүтцээ нийлүүлж байгаа. Дэлхий буцаад дүрмээ өөрчилж байна. Нийлж зөв бодлого гаргана гэж үзэж байна.  

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун:

Мөнгөний бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд анхаарах хэрэгтэй. Яамдын сайд нар нэг, нэг жилээр ээлжлэн энэ бүрэлдэхүүнд орж, өөрт ашигтай зүйлээ яриад байдаг.

ААН-үүдэд эрсдэлээс хамгаалдаг бүтэц МҮХАҮТ-д бас байх хэрэгтэй. Байнга Монголбанкны буруу гэхийн оронд өөрсдийгөө хамгаалдаг баймаар байна.   

Ерөнхийдөө долларын ханшийн энэ өсөлт эдийн засагчдын хувьд хэвийн үзэгдэл.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монголбанк бол төгрөг хэвлэдэг. Төгрөгийг ямар хэмжээнд баривал эдийн засаг зөв, тогтвортой, үнэ цэнийг нь цаас шиг болгочихгүй байх вэ гэдгийг анхаардаг.

Импорт өнгөрсөн оныхоос 40 хувь өссөн. Задлаад харвал 30 хувь нь хэрэглээ, 70 хувь нь тоног төхөөрөмж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг идэвхжиж сэргэхээр импорт өсөж, ам.долларын хэрэгцээ нэмэгддэг.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

Гадаад худалдааны үзүүлэлтүүд таатай байна, Монгол Улсыг чиглэх ам.долларын урсгал хангалттай байна. Тиймээс валютын ханш цаашид өсөхгүй. Хэрэв үргэлжлэн өсвөл Монголбанкны зүгээс шаардлагатай арга хэмжээг авна гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улс үнэ цэнэ бүтээхгүй байгааг дурдаж байлаа. Тухайлбал, 1990 оноос хойш манай улсын үйлдвэрлэл монголчуудын гаднаас авсан валютын хэмжээнээс үргэлж доогуур явж ирснийг Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ хэлсэн юм.

Экспортын 80 гаруй хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн 20 хувийг эзэлж байгаа нь ч түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээж чадахгүй байгаатай холбон тайлбарласан.

Ам.долларын ханшийн өнөөгийн өсөлт нь дээр дурдсанчлан хөгжиж буй орнуудад ам.долларын ханш чангарч байгаагаас гадна улирлын чанартай өсөлттэй холбоотой хэмээн эдийн засагчид үзэж байна.

Ам.долларын эсрэг Туркийн лира зургаадугаар сард л гэхэд 38 хувь, пессо 50 хувь, рубль 15 хувь, юань 8, вон 5 хувь суларчээ. Дэлхийн нийт 170 улсын 52 орных нь мөнгө 4 хүртэл хувиар сулраад байгаатай харьцуулахад манай улсад харьцангуй бага өөрчлөлт хэмээн тайлбарлах талтайг Монголбанкныхан хэлж буй. Нөгөө талаар газар тариалан, уул уурхайн салбарын идэвхжил буурч, улирлын чанартай хүчин зүйлүүд саарснаар валютын эрэлт буурч, үнэ аажмаар хямдарна хэмээн төсөөлж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Одоо 14 хоног л байна. Эдийн засаг татарч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын улирал дуусах тийш хандана. Их мөнгө хэрэглэдэг бусад салбар агшина. Үндсэндээ үйлчилгээний салбар л үлддэг. Ингээд валютын хэрэгцээ багасаад ирэхээр ам.долларын ханш аяндаа багасна” гэв.