Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн эмзэг бүлэгт анхаарч, макро эдийн засгаа тогтвортой хамгаалахыг Дэлхийн банк зөвлөлөө

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны сүүлчээр 5.9, ирэх онд 6.6 хувьтай байна гэсэн таамгийг Дэлхийн банк гаргав. Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд эерэг байгаа бөгөөд цаашдаа ч хадгалагдана хэмээн үзжээ.

Гэвч гадаад нөхцөл тодорхойгүй, дотоод эрсдэлүүд байгааг анхаарч, бодлого төлөвлөгчид соргог байж, макро эдийн засгийн бодлогоо тогтвортой байлгаж, нийгмийн эмзэг бүлгээ хамгаалах шаардлагатайг өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нүтгийн эдийн засгийн шинэ тайланг танилцуулах үеэр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква онцоллоо. 

“Монгол Улсын эдийн засаг дахь хувийн хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байна. Ялангуяа, уул уурхай, аж үйлдвэр, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирэх төлөвтэй” хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жон-Паскаль Н.Нгану тодотгосон. Мөн хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа эерэг үзүүлэлт нь цаашид ядуурал буурна гэсэн найдлага төрүүлж байгааг нэмж хэлсэн юм. Төсвийн гүйцэтгэл ч энэ оны эхний хагас жилд сайн байгаа бөгөөд цаашид хадгалагдана гэсэн хүлээлт бий. Гэвч нөлөөлж болзошгүй эрсдэл нь гадаад орчны тогтворгүй байдал. Өөрөөр хэлбэл, том гүрнүүдийн худалдааны тэмцэл, түүхий эдийн үнийн өөрчлөлт юм. Ялангуяа, Монгол Улсын худалдааны гол түнш, манай хөрш БНХАУ-ын эдийн засаг манай улсад нөлөөтэй. 

Харин дотоод эрсдэлийг Засгийн газар уул уурхайн төслүүдээ хугацаанд нь, үр ашигтай хэрэгжүүлэхээс хамаарна гэж дүгнэв. Ялангуяа, 2020 онд болох Парламентын сонгуультай холбоотойгоор эрсдэл үүсэж болзошгүй хэмээн Жон-Паскаль Н.Нгану хэлэв. 

Тиймээс доорх зөвлөмжийг өгсөн юм.

  • Монголд орж ирэх хөрөнгө оруулалтыг хангах хэрэгтэй. 
  • Макро бодлогын зохистой бодлого хэрэгжүүлж, бага орлоготой иргэдийн орлогыг хангах хэрэгтэй.  
  • Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Дэлхийн банкнаас гаргаж буй “Тодорхой бус байдлыг даван туулах нь” Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангийн 2018 оны аравдугаар сарын дугаарт худалдааны сөргөлдөөн, АНУ-ын бодлогын хүүний өсөлт, ам.долларын чангаралт, шинээр хөгжиж буй улс орнуудад ажиглагдаж буй санхүүгийн зах зээлийн савалгаат байдал зэргийн нийлбэр нөлөөгөөр тус бүс нутгийн эдийн засгийн төлөв сүүлийн саруудад нэлээд тодорхой бус болоод байгааг онцлон дурьджээ. Үүний зэрэгцээ, бүс нутаг даяар, ялангуяа Мьянмар, Филиппин, Вьетнамд инфляц өсөх хандлагатай байгааг мөн анхааруулсан ч бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өсөлтөө хадгална хэмээн дүгнэв.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти “Эрсдэл нэмэгдэж буй энэ нөхцөл байдалд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд макро эдийн засаг, төсөв, бүцтийн бүхий л оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар гадаад эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг бууруулж, эдийн засгийн өсөлтөө өндөр хэвээр хадгалах нь чухал” хэмээн онцолсон юм. 

Зүүн Азийн хөгжиж буй орнуудад зориулан шинээр үүсэн бий болж буй эрсдэлийн эсрэг хэрэгжүүлж болох дөрвөн талт арга хэмжээний талаар тайланд ийн өгүүлжээ:

  •          Богино хугацаанд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх бодлогын арга хэмжээ авах. Угтуулан хэрэгжүүлэх макро зохистой бодлогууд нь санхүүгийн салбарын эмзэг байдлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийн савалгаат байдлыг намжаах, ханшийн хөдөлгөөнд мэдрэг байгааг зөв удирдах зэрэг боломжийг олгоно. Ханшийн уян хатан байдал гадаад шокийг шингээн авах, түүнд дасан зохицох чадварыг сайжруулж болно. Төсвийн чанга бодлого нь ирээдүйд учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийг өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр амжилттай даван туулах дархлааг хадгалах, эсвэл нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.  
  •          Нээлттэй бөгөөд дүрэм журамд захирагдах худалдаа, хөрөнгө оруулалтын тогтолцоог бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх замаар үргэлжлүүлэн дэмжих. Нэн тааламжтай нөхцлөөр хийгдэх худалдааны гэрээ тохиролцоог бататгах, тарифын бус саад тотгорыг багасгах явдал нь бүс нутгийн улс орнуудад ач тустай байж болох юм.  Хоёр талт яриа хэлэлцээг идэвхжүүлэх, аль эсхүл Дэлхийн Худалдааны Байгууллагаар дамжуулан худалдааны сөргөлдөөн хурцдах эрсдэлээс сэргийлж болно.  
  •          Бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, энэ хүрээнд гол гол салбаруудаа либералчлах, бизнесийн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах. Том-жижиг, гадаад-дотоод аж ахуйн нэгж байгууллагуудын эдийн засаг дахь оролцоог тэгш хангаснаар нөөцийн гаж хуваарилалтыг хязгаарлах, ажлын байрыг олноор бий болгоход эергээр нөлөөлнө.
  •          Зорилтот бүлэгт чиглэгдсэн нийгмийн халамж, төсвийн тогтвортой байдлыг хангах нийгмийн даатгалын тогтолцоо, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, боловсролын чанар, хүртээмжийн ялгаатай байдлыг арилгах үүднээс алслагдмал сургуулиудын хангамжийг сайжруулах зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн аюулгүй байдал, идэвжлийг дэмжих.