Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгэн Ази хүн лонх вискийг $1.1 саяар худалдан авч дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Эдинбург хотод зохион байгуулагдсан дуудлага худалдаанд Ази тивээс утсаар оролцсон хүн нэг лонх маш ховор вискийг түүхэнд байгаагүй өндөр үнээр худалдан авчээ.

60 жил хадгалсан “Macallan Valerio Adami 1926” вискийг өчигдөр 848,750 фунт стерлингээр ($1.1 сая) худалдаж авсан нь дэлхийн шинэ дээд амжилт болсон байна. Тавдугаар сард Хонг Конгод ижил төрлийн вискийг 814,081 фунтээр зарсан нь өмнөх дээд үзүүлэлт болж байжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар худалдан авагч нь уг вискийг хэрэглэхгүй, харин цуглуулгандаа хадгалах зорилгоор ийм үнэ хүргэсэн гэнэ.

1926 онд нэрж, 1986 он хүртэл торхонд дарсны дараа лонхонд савласан энэхүү вискийг “хатуу ундаанууд дотроо Роллс Ройсд тооцогдоно” гэж тэд мөн хэлж байна.

Нийт 24 лонхонд савласан байдаг бөгөөд тэдний 12-т нь Питер Блэйк, үлдсэн 12-т нь Валерио Адами нарын алдарт зураач нар шошго урлаж өгчээ.

Эдгээрээс хэд нь одоог хүртэл бүтнээрээ хадгалагдаж байгаа тухай мэдээлэл байдаггүй. Баттай баримтаар нэг нь 2011 онд Японд болсон газар хөдлөлтөөр устсан бол өөр нэгийг нь задалж уусан гэгддэг.

Шотланд вискиний эксперт Чарльз Маклин “Виски бол хөрөнгийн зах зээл тогтворгүй болох үед хуучны автомашин, урлагийн бүтээлийн дараа гуравт орох найдвартай хөрөнгө оруулалт болдог. Сүүлийн жилүүдэд үнэ цэнэ нь алтнаас ч өндөр болоод байгаа” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: AFP