Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал VS Ц.Цогзолмаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учралын Сангийн сайд, БСШУС-ын сайд нараас асуусан асуулт болон хариултыг товчлон хүргэж байна. 

Танай яамны хүмүүс ажлаа хийж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Н.Учрал: “Энэ оны төсөв их чамбай болсон гэж ойлгож байгаа. Гэхдээ өнгөрсөн оны төсөвт тавигдсан ажлууд тендер сонгон шалгаруулалтаа зарлаж чадаагүйгээс мөнгө нь царцаж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. 

Сайдууд төсвөө хав дараад суучихдаг. Үүний цаана санхүү хөрөнгө оруулалтын дарга, худалдан авалтын дарга гэсэн хэдэн нөхөр ажил уяад сууж байдаг.

Миний  тойрог дээр гэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа 62 дугаар сургууль хохироод сууж байна шүү Ц.Цогзолмаа сайд аа. Өнөөдрийг хүртэл тендер зарлахгүй байсаар байгаа танай 3-4 хүн чинь одоо яах вэ гээд сууж байна. Танай тэр хүмүүс ажил хийж чадахгүй байна. Та нар чадахгүй бол нийслэл, аймаг, дүүрэгт ажлыг нь өг л дөө. 

Гэр хороололд ганц цэцэрлэгийн төсөв тавиулсан. Одоо болтол тендер нь зарлагдаагүй байна. Ингэж явсаар төсөв нь буцаагдах гэж байна. Төсөвт мөнгө тавиулсан ч тендер нь зарлахгүй байгаа нь хамгийн харамсалтай байна. 

Хөрөнгө оруулалтын ажил хэдэн хувьтай байна вэ. Дараа жил ийм асуудал гарах юм уу. Дараа жил яамдууд бодлогоо хариуцах юм уу, тендер зарлаад дуусах юм уу гэж асуумаар байна. 

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн явцыг Засгийн газрын хуралдаан болгон дээр ярьдаг 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Н.Учрал гишүүний асуултад хариулъя.  2018 онд Улсын төсвөөр хөрөнгө оруулалтаар санхүүжих 636 төсөл хөтөлбөрийн гүйцэтгэх, сонгох шалгаруулах ажиллагааны байдал 2018 оны есдүгээр сарын 27-ны байдлаар 597 дээр нь гүйцэтгэх сонгон шалгаруулалт зарлагдсан.

Үүнээс 556 буюу 93 хувь дээр нь тендер шалгаруулалт хийгдсэн. 503 буюу 79 хувь дээр нь гэрээ байгуулсан байна. 

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тендер шалгаруулалтын явц, улсын төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, санхүүжилтийн явцыг Засгийн газрын хуралдаан болгон дээр ярьж, сануулж явдаг” гэлээ. 

Төсөвт гурван тэрбум гээд баталчихсан байхад таны хүсч байгаагаар 6.5 тэрбумаар тендер зарлах эрх надад байхгүй

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Боловсролын яаманд энэ жил 272 ажил хуваарилагдсан. Үүнээс бодит шалтгаанаар хойшлогдож байгаа ажлуудын дотор Н.Учрал гишүүний яриад байгаа 62 дугаар сургуулийн асуудал байгаа. 

Анхнаасаа ямар ажил, хэдэн төгрөгөөр хийх гэж байгаагаа бодит тооцоон дээр төлөвлөөгүй учраас таны яриад байгаа 62 дугаар сургуулийн ажил он дамнан хийгдэж байна.

Гурван тэрбум төгрөгөөр боловсролын яам тендер зарласан боловч энэ ажлыг хийх боломжгүй гээд компаниуд ороогүй. Тийм учраас 2019 онд 6.5 тэрбум төгрөг болж үлдсэн зардал нь тавигдаад явж байгаа.

Бодит шалтгааныг та маш сайн мэдэж байгаа Н.Учрал гишүүн ээ. Барилга байшин барих чинь хүүхдийн тоглоом өрөхтэй адилхан ажил биш шүү дээ. 

Төсвийн хууль бол хууль. Төсөвт гурван тэрбум гээд баталчихсан байхад таны хүсч байгаагаар 6.5 тэрбумаар тендер зарлах эрх надад байхгүй. Тийм учраас нэмэлт хөрөнгө энэ жил дахин тавигдаад явж байна. 

Ажлын хариуцлага тооцох, өөрчлөх асуудлыг яаман дээрээ чадлынхаа хэрээр хийж байгаа. Нэг зүйлийг шударга хэлэхэд, энэ салбарт та ажиллаж ирсэн. Энэ салбартай таны гэр бүл, та холбоотой явж ирсэн хүний хувиар зөвлөгөө байвал нөхөрсөгөөр зөвлөөд хамтраад ажиллаач ээ.

Зөвшөөрөл авах, лицензээ сунгуулах болохоор сайд аа гээд найрсаг байдлаар гуйчихаад юунаас болж ажил зогссоныг мэдсээр байж том том дуугаар ярьдаг, үг үйлдлийн зөрүүтэй байгаагаа анхаараасай гэж гуймаар байна

Н.Учрал: Би хувийн асуудал ерөөсөө яриагүй.