Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Украины авлигатай тэмцэх газар тус улсын тагнуулын албаны даргыг шалгаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Сергей Семочко

Саяхан Украины гадаад тагнуулын албаны дэд дарга Сергей Семочкогийн олон саяын үнэтэй үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээлэл цацагдаж, олны анхаарлын төвд орсон юм.

Тэгвэл өчигдөр тус улсын авлигатай тэмцэх газрын дарга Артем Ситник уг мэдээллийн дагуу шалгалт явуулахаар болсныг сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Бидний Мөнгө” нэртэй телевизийн хөтөлбөрөөр Семочкогийн гэр бүл Киевийн ойролцоо нийт $8 саяын үнэтэй гурван амины орон сууц эзэмшдэг болохыг дэлгэсэн юм. Мөн тэдний тансаг амьдралын хэв маяг, хувийн нисдэг тэрэг хөлөглөдөг зэрэг баримтыг үзүүлж, Семочкогийн хамаатан найман хүн ОХУ-ын давхар иргэншилтэй болохыг мэдээлсэн байна.

Хэрвээ тэр эд хөрөнгөө хууль бус аргаар олж авсан нь батлагдвал 10 хүртэл жил шоронд хоригдох ял сонсох юм. Семочко 2014 онд Крымийг ОХУ өөртөө нэгтгэсний дараа 2015 онд Крымээс Киевт шилжин ирж, Украины гадаад тагнуулын албанд өндөр албан тушаал хаших болжээ.

Түүнийг Украины ерөнхийлөгч Петро Порошенко энэхүү албан тушаалд томилсон юм. Семочкогийн тухай мэдээлэл тарсны дараа Украины хууль тогтоогчдын нэг Егор Соболев “Энэ бол манай зуу зуун жинхэнэ тагнуулчдад төдийгүй бид бүгдэд үхлийн аюул учруулсан хэрэг боллоо” хэмээн Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Өрнөдийн орнууд Украинд зээл, тусламж өгөхдөө өргөн хүрээнд тархсан авлигын асуудлаа цэгцлэх шаардлагыг байнга тавьдаг. Транспаренси Интернэшнл байгууллагын 2017 онд гаргасан тайланд Украин улс авлигын түвшингээр дэлхийн 180 улсаас 130-д жагсаж байна.

 

Эх сурвалж: AFP