Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд анх удаа нарны аймгийн гадна орших сарыг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Kepler-1625 од болон түүнийг тойрч буй гараг, сар хоёр зураачийн төсөөллөөр

Өнөөдрийг хүртэл нарны аймаг дотор орших дагуулуудыг л мэддэг байсан эрдэмтэд анх удаа нарны аймгийн гадна орших гарагийн сарыг илрүүлжээ.

Ийм нээлт хийх нь эрдэмтдийн хувьд цаг хугацааны асуудал байсан гэж үздэг тул төдийлөн гайхаад байх зүйл биш байв. Харин уг сар нь манай нарны аймаг дотор оршдог 180 орчим сарнаас эрс өөр шинж чанартай байгаа нь судлаачдыг гайхшруулжээ.

Нарны аймгийн сарнууд нь бүгд чулуулаг эсвэл мөсөн бүтэцтэй байдаг. Харин шинээр нээгдсэн сар болон түүний тойрдог гараг нь хоёул хийн бүтэцтэй, бас хоёул нийлээд манай аймгийн хамгийн том гараг болох Бархасбадиас хэд дахин их масстай байгаа юм.

Тэд манай дэлхийгээс 8,000 гэрлийн жилийн зайд оршдог байна.

Нарны аймгийн хамгийн том сар нь Бархасбадийн Ганимед бөгөөд диаметр нь 5,260 км орчим. Гэтэл шинээр илэрсэн “харь сар” нь 49,000 км диаметртэй буюу нарны аймгийн хийн бүтэцтэй дөрвөн гарагийн хамгийн жижиг нь болох Далайн вантай ойролцоо хэмжээтэй юм.

Уг гараг ба сар нь Kepler-1625 одыг тойрон эргэдэг байна. Kepler-1625 бол манай нартай ижил температуртай боловч 70 хувь том хэмжээтэй од юм.

Шинэ сар нь гарагаа 3 сая километрийн зайд тойрон эргэдэг бөгөөд гарагийнхаа массын 1.5 хувьтай тэнцэх масстай ажээ.

Энэхүү сарны хэмжээ болон хийн бүтэц нь гарагийн дагуул хэрхэн бий болдог тухай эрдэмтдийн гаргаад байсан өнөөдрийн онолыг үгүйсгэж байна.

Колумбийн Их сургуулийн профессор Дэвид Киппинг, түүний шавь Алекс Тичи нар “харь сар”-ыг NASA-гийн Hubble Space Telescope, Kepler Space Telescope дурангуудаар илрүүлжээ. Тэд ирэх тавдугаар сард Hubble дурангаар дахин ажиглаж, нээлтээ бататгах юм.

Судалгааны тайлан өчигдөр “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: Reuters