Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: Гар утасны хэрэглээнээс шалтгаалж тархины хавдрын эрсдэл нэмэгдэж байна гэж тогтоогдоогүй

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Дижитал хөгжил хамтдаа” уриан дор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ICT-Expo 2018 гурав дахь өдрөө үргэжилж байна. Энэ жилийн үзэсгэлэн нь мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дөрвөн сэдвийн хүрээнд анх удаа Форум зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Өнөөдөр Дижитал хэрэглэгч - Эрүүл мэнд сэдвийн дор сүүлийн форум зохион байгуулагдлаа. Форумын үеэр цахилгаан соронзон орны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар Харилцаа Холбооны Зохицуулах хорооны РДЗХГ-ын мэргэжилтэн Ч.Тэрбиш танилцуулснаас хүргэе.

Цахилгаан соронзон орны тухай

ДЭМБ нь "ЦСО төсөл"-ийг 1996 оноос эхлүүлж хүний биед нөлөөлөх хэмжээг судалж, дүгнэлт гаргасан байдаг байна.

Цахилгаан соронзон орон (ЦСО) нь ертөнц үүссэнээс хойш янз бүрийн хэлбэрт оршсоор иржээ. ЦСО гэдэг нь тодорхой орон зайд хамтдаа шилжих цахилгаан, соронзон энерги юм.

UV буюу хэт ягаан туяаны зурвасаас дээш давтамжтай цахилгаан соронзон цацаргалтыг "ионжуулагч цацаргалт" гэж нэрлэдэг. Учир нь тэдгээр нь атомыг өөрчлөх электроныг чөлөөлөх, улмаар химийн бүтцийг өөрчилж чадахуйц хангалттай их энергитэй байдаг аж. Ионжуулагч цацаргалтын хамгийн түгээмэл хэлбэр бол рентген туяа болон гамма цацраг.

Хэт ягаан туяаны зурвасаас доош радио давтамжтай цахилгаан соронзон цацаргалтыг "Үл ионжуулагч цацаргалт" гэнэ. Энэ төрлийн цацаргалт нь биетийн хувьд атомын түвшинд өөрчлөлт оруулах, электроныг чөлөөлөх хэмжээний хангалттай энерги байдаггүй.

ЦСО ба Эрүүл мэнд

Утасгүй холбооны технологи нь орчин үеийн нийгмийн салшгүй хэсэг болсон.

Гар утас, таблет болон бусад утасгүй холбооны төхөөрөмжүүд нь дэлхийн олон тэрбум хүмүүсийн өдөр тутмын амьдралын харилцааны гол хэрэглүүр болсноос гадна эрүүл мэнд, эмнэлгийн чиглэлээр өргөн хэрэглэгдэж байна.

"Гар утас ба эрүүл мэнд"-ийн тухай ДЭМБ нь дараах тайлбарыг хийжээ.

"Өсөн нэмэгдэж буй гар утасны хэрэглээнээс шалтгаалж тархины хавдрын эрсдэл нэмэгдэж байна гэж тогтоогдоогүй байна. Цаашид тархины хорт хавдрын эрсдэл байгаа эсэхийг гар утсыг 15 жилээс дээш хугацаанд хэрэглэсэн өгөгдөл, судалгаанд үндэслэж судлах болно" гэжээ.

Өнөө үед залуу үеийнхэн гар утсыг илүүтэй хэрэглэж, илүү урт хугацаанд ЦСО-ийн нөлөөнд байгаа учраас ДЭМБ нь энэ бүлэгт чиглэсэн радио давтамжтай ЦСО-ийн нөлөөллийн судалгааг үргэлжлүүлж, бүх судалгааны төгсгөлд радио давтамжийн ЦСО-ийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг үнэлж байна.

"Бааз станц ба эрүүл мэнд"-ийн тухай ДЭМБ нь дараах тайлбарыг хийж байна. 

"Өнөөдрийг хүртэлх энэ чиглэлд хийгдсэн судалгааны үр дүн, ЦСО-ийн нөлөөлөх түвшин маш бага байгаа зэргээс үзэхэд бааз станц болон утасгүй сүлжээнээс цацаргах сул түвшинтэй радио давтамжийн сигнал нь эрүүл мэндэд нөлөөлж байгааг баталсан шинжлэх ухааны нотолгоо гараагүй байна".

"Судалгаануудаас үзэхэд бааз станцаас цацаргаж буй орчны радио давтамжтай ЦСО нь хорт хавдар болон бусад төрлийн өвчний эрсдэлийг ихэсгэдэг гэдгийг нотлоогүй байна".

Дүгнэлт

Тархины хавдар өсөж байгаа эрсдэл нь гар утас хэрэглэснээс үүдэлтэй гэж тогтоогдоогүй ч ДЭМБ-аас гар утсыг 15 жилээс илүү хэрэглэж буй орчин үеийн залуучуудын хүрээнд тархины хорт хавдрын талаарх цаашдын судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

ЦСО-ны хүний биед нөлөөлөх нөлөөний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг "соронзон орны зөвлөмж" гар утасны аппликэшнийг Playstore-с татаж авч үзэх боломжтой гэнэ. 

Түүнчлэн Монгол Улсын зах зээлд борлуулагдаж байгаа радио холбооны тоног төхөөрөмж аюулгүйн стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох баталгаажуулалтын лабораторийг яаралтай байгуулах шаардлагатай гэдгийг форумд оролцогчид хэлж байлаа.