Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зоригоо: Иргэд бид хэдий болтол улстөрчдийн худал хуурмаг, хулгайг тэвчих ёстой юм

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо "Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцахаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

Бид хэдий болтол энэ чигээрээ тэсэх ёстой юм бэ. Бидэнд тохиолдоод байгаа бүхэн үнэхээр давагдашгүй зүйл мөн юм уу. Аливаа юманд хязгаар бий. Гэтэл одоо бүр хэтэрч байна. Бид бүхэн энэ байдлаасаа салахын тулд 1992 оноос хойш чөлөөт ардчилсан сонгууль гээчийг хийж өнөөдрийг хүртэл явж ирлээ. 

Манай улстөрчид сонгуульд ялахын тулд, АНУ-д 10 жилийн виз олгохоос бусад бүх амлалтыг өгч дууслаа. Маш олон амлалт өгсөн. Амлалтынхаа дагуу байдаг бол бид Арабуудаас ч илүү баян ард түмэн байх байлаа. Энэ бүгдийг биелүүлэхгүй байгаа нь та бидэнтэй холбоотой. Та бид хэдий болтол энэ худал хуурмаг, хулгайг тэвчих ёстой юм. Одоо өөрсдөө сонголтдоо дүгнэлт хийх цаг иржээ. 

Хамгийн ойрын жишээ бол өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон манай өнөөгийн Ерөнхийлөгч чухал дөрвөн төрлийн амлалт өгсөн.

Нэгдүгээрт, офшорт байгаа мөнгийг нэн даруй оруулж ирнэ, үгүй бол огцорно гэсэн. Офшороос яг хэдэн төгрөг оруулж ирсэн юм, хэн оруулсан, тэр мөнгө нь яг Монгол Улсын эдийн засаг үр нөлөө үзүүлсэн юм уу?

Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мэдэлд өгнө гэсэн. Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн асуудал аль талдаа гарсан байна вэ? УИХ-аасаа давсан том шийдвэр гаргадаг шүүхтэй боллоо бид.

Гуравдугаарт, та биднийг бүгдийг өр ширгүй болгоно гэсэн. Өрнөөсөө салсан хүн одоо байгаа юм уу? Миний ойлгож байгаагаар өр өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Бүр сүүлдээ долларын ханш хэд болсон билээ. Өдөрт 10 төгрөгөөр нэмэгдэж байна. Ийм нөхцөлд яаж өрнөөс гарах гээд байгаа юм. 

Энэ мэтчилэн сайхан амлалтуудыг удаа дараа өгч байна. Авлигатай тэмцэнэ гэсэн. Миний мэдэж байгаагаар Авлигын хэргээр баригдаж, хоригдоод байгаа хүн алга. 60 тэрбумын хэргийг шийднэ гэсэн. Гэтэл тоглоомтой юм шиг хэргийг нээж, хаагаад л, толгой эргэмээр зүйл болоод байна. 

Шүүх хяналтын байгууллагууд завхарсан юм хийж байгаагаас иргэдийн төрд, хуульд, шүүхэд итгэх итгэл байхгүй болчихлоо. Шударга шүүгч, ажилчид бий. Гэтэл тэр хүмүүсийн дээгүүр цүнх баригчдыг залснаар шударга хүмүүс нь дарагдаад байна. 

Саяхныг хүртэл МАН, АН хоёрын сонгуульд ялахын тулд хүүхдийн мөнгө, оюутны мөнгө өгнө гэж байсан. Гэтэл тэр нь хаана байна. Ярьсан хэлснээсээ байнга буцна. 

Тиймээс бид шударга үнэний төлөө явъя. Бид айж ичихгүй байна. Энэ худал хуурмаг, хулгай хийж байгаа хүмүүст хариуцлага тооцооч ээ. Хаа хамаагүй юм ярихын оронд илүү амьдралтай ойр юм яриач. Иргэдээ ажил, орлоготой болгооч. Өдрөөс өдөрт бидний амьдралын түвшин буурч байна. Өнөөгийн Монголын цаг үеийн асуудлыг өөрчлөхийг бид хүсэж байна" гэлээ.