Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Македон улсад өнөөдөр улсын нэрийг өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал хураалт болно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны Ням гарагт Балканы хойгийн Македон улсад улсын нэрийг өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал хураалт болох гэж байна.

Нэрний асуудлаас болоод тус улс өнөөдрийг хүртэл Европын Холбоо, NATO-д элсэж чадахгүй байгаа юм.

Македоны 1.8 сая бүртгэлтэй сонгогчдын 50 хувь дээр нэмэх нэг санал нэр өөрчлөхийг дэмжвэл тус улс Хойд Македоны Бүгд Найрамдах Улс нэртэй болно. Өөрөөр хэлбэл нэрнийхээ урд “Хойд” хэмээх тодотгол нэмэх юм.

1991 онд Югославыг задрахад тусгаар улс болсон Македоны нэр түүний өмнөд хөрш Грект таалагдаагүйгээс болж удаан хугацааны маргаан үүссэн байна.

Македон нэр Грекийн хойд бүс нутгийн нэртэй давхцаж байсан тул ирээдүйд газар нутгийн болон түүх соёлын будилаан үүсгэнэ гэж Афины эрх баригчид болгоомжилж байв.

Үр дүнд нь Грекчүүд олон жилийн турш Македоныг Европын Холбоо, NATO-д элсэхэд нь саад хийсээр ирсэн юм. Эдгээр байгууллагуудад элсэхэд Грекийн санал чухал үүрэгтэй.

Өнгөрсөн зургаадугаар сард хоёр улсын засгийн газрууд нэрийг Хойд Македон болгох тохиролцоонд хүрснийг одоо бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулах гэж байна.

Нэрний асуудал Македоны хөгжилд саад болж, өнөөдөр тус улсын ажилгүйдэл 20 гаруй хувьтай, дундаж цалин $400 орчим байгаа нь бүс нутагтаа хамгийн багад тооцогдож байгаа юм.

Тиймээс нэрээ сольсноор Македон улсын эдийн засаг сайжрах замдаа орно гэж засгийн газар нь ард иргэддээ ухуулж байгаа.

Гэвч зарим хүмүүс, тухайлбал тус улсын ерөнхийлөгч Гиорги Иванов нэр солихыг “гэмт хэрэг” гэж нэрлэн, хүчтэй эсэргүүцэж байна.

Тэрээр нэр сольсон ч, солиогүй ч Европын Холбоо, NATO-д элсэх зорилт хялбар биелэхгүй хэмээн үзэж, санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна.

Ийнхүү Македон улс хувь заяагаа шийдэх түүхэн сонголтын өмнө тулж ирээд байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty