Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск албан тушаалаасаа татгалзаж, мөнгөн торгууль төлөхөөр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн хэрэгт буруутгагдсан Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороотой тохиролцоонд хүрснийг өчигдөр зарлажээ.

Тус хороо өнгөрсөн Пүрэв гарагт Илон Маскыг шүүхэд өгөөд байсан юм.

Тохиролцоо ёсоор Илон Маск болон Тесла компани тус бүр $20 саяын торгууль төлж, Маск 45 хоногийн дотор компанийн ТУЗ-ийн даргын суудлаа өгч, энэ албан тушаалд гурван жилийн хугацаанд дахин суух эрхгүй болж байна.

Гэхдээ тэр компанийн гүйцэтгэх захирлаар үлдэх ба ТУЗ-д гаднаас хараат бус хоёр захирлыг нэмж оруулахаар болжээ.

Илон Маск 15 жилийн өмнө цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийг үүсгэн байгуулалцсан юм. Наймдугаар сарын эхээр тэр Тесла компанийг нээлттэй компаниас хувийн компани болгох төлөвлөгөөгөө зарлаж, ингэхэд шаардлагатай их хэмжээний мөнгийг олсноо зарлаж байв.

Гэхдээ сарын сүүлээр тэр энэ төлөвлөгөөгөө бүтэхгүй болсныг дахин мэдэгдэж байжээ.

Үнэт Цаас, Арилжааны Хороо хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн, компанитай холбоотой шийдвэрүүдийн талаар өөрт нь мэдэгдээгүй гэж Маскыг буруутгасан юм.

Цаашдаа Тесла компани гүйцэтгэх захирлынхаа хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг зохицуулах, хянах үүрэг хүлээж байгааг тус хороо мэдээлжээ.

 

Эх сурвалж: Quartz