Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ эзэн хааныг залах хаан ширээ Токиод иржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Японы шинэ эзэн хааныг өргөмжлөхөд ашиглагдах хаан ширээг Киото дахь эртний ордноос Токиод ирүүлсэн тухай албаныхан өчигдөр мэдээлжээ.

Угсаа залгамжлах ханхүү Нарухито ирэх оны тавдугаар сарын 1-нд Японы шинэ эзэн хаан болж, одоогийн эзэн хаан Акихито урд өдөр нь хаан ширээнээсээ буух юм.

Харин Такамикура нэртэй уг хаан ширээг 2019 оны аравдугаар сард Нарухитог шинэ эзэн хаанаар зарлах албан ёсны арга хэмжээнд зориулж ирүүлжээ.

Тэр үед Нарухито энэхүү ширээнд заларч, дэлхийн улс орнуудаас ирсэн хүндэт зочдын өмнө өөрийн эрин эхэлснийг зарлах юм.

6.5 метр өндөртэй, алтдаж, чимэглэсэн ийм байгууламжийг наймдугаар зуунаас эхлэн Японы үе үеийн эзэн хаадыг тодруулах ёслолд ашиглаж иржээ.

Одоогийн ширээг хамгийн сүүлд 1990 онд Акихитог эзэн хаанаар тодруулахад ашиглаж байв. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Киотогийн ордонд хадгалагдаж байжээ.

Нарухитогийн гэргий Масако гүнжид зориулсан мөн ийм ширээ байгаа.

Одоо 58 настай Нарухито Японы 126 дахь эзэн хаан болно. Тэр бас дэлхийн хоёрдугаар дайны дараа төрсөн анхны эзэн хаан гэдгээрээ онцлог.

Одоогийн хаан ширээг анх 1915 онд Нарухитогийн элэнц өвөг Тайшог хаан ширээнд залахад зориулан шинээр бүтээж байжээ. Дараа нь Нарухитогийн өвөг эцэг Хирохито, эцэг Акихито нарыг хаанд өргөмжлөхөд мөн ашиглаж байсан юм.

Акихитог хаан ширээнд залах үед зарим экстремист үзэлтнүүд хаан ширээг төрийн ёслолд ашиглах нь шашин, төрийг тусгаар байлгах үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна хэмээн эсэргүүцэж байсан тул уг байгууламжийг Японы армийн нисдэг тэргээр өргөж, өндөр түвшний нууцлал, хамгааллын дор нүүлгэж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today