Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Орчин 2018” бодлогын баримт бичгийг танилцууллаа

ikon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

2018 оны есдүгээр сарын 28-ны Баасан гарагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь есдүгээр сарын бизнес уулзалтаар “Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Орчин 2018 ба Цаашдын Төлөв” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэл Микаллер болон АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Стив Поттерийн хамт Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад АНУ-ын Элчин сайдын яам, засгийн газрын төлөөлөл, АмЧамын гишүүдийн гүйцэтгэх удирдлагууд болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. АНУ-ын Төрийн Департаментаас жил бүр эрхлэн гаргадаг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны нөхцөл байдлын үнэлгээ, бэрхшээл болон шийдлүүдийг санал болгодог гол баримт бичиг болох “2018 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг ноён Микаллер тус уулзалтын үеэр АмЧамын гишүүдэд анхлан танилцууллаа.

Мөн уулзалтад ирсэн зочид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар сонирхсон асуултаа тавьж, хариулт авлаа.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга ноён Стив Поттер уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “АмЧам Монгол нь хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай нягт хамтран ажилласаар ирсэн билээ. Манай байгууллагын үйл ажиллагааны гол зорилтууд нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн бүтэц болон бодлогын хүрээний суурь асуудлыг сайжруулахад Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллах, мөн АНУ-Монгол Улсын хоорондын Ил тод байдлын гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зэрэгт оршдог юм” гэлээ.

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Микаллер АНУ-ын Төрийн Департаментын “2018 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг танилцуулж хэлсэн үгэндээ, “Тус баримт бичигт нь бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөлтэй өрнүүлсэн хэлэлцүүлгүүд, тэдний санал бодолд үндэслэн боловсруулсан хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг нэгтгэсэн юм. Хөрөнгө оруулагчдын хувьд макро эдийн засаг сайжирч байгаа боловч хууль тогтоомжийн хэрэгжилт ил тод бус байгаагаас үүдэн хөрөнгө оруулалтын орчинд ойлгомжгүй байдал үүсч байгаа талаар санаа зовниж байсан” хэмээн онцоллоо.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.