Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Азийн бүс нутгийн эдийн засагт худалдааны сөргөлдөөн эрсдэл дагуулж болзошгүй байна"

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг: mpa.mn

Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр танилцуулаад буй шинэчилсэн тайланд Азийн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх дөрөвдүгээр сард зургаан хувиар өснө гэж таамаглаад байсан төсөөлөл нийцсэн үзүүлэлттэй гарчээ.

Харин ирэх 2019 оны өсөлт өмнөх таамгаас 0.1 нэгж хувиар буурч 5.8 хувь байна хэмээн тооцоолоод байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Хонг Конг улсуудын дотоодын эрэлт их, газрын тос, байгалийн хийн үнэ өндөр болж мөн Энэтхэгийн эдийн засгийн сэргэлт тогтворжсон зэргээс хамааран Азийн хөгжиж буй ихэнх улс орны эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд хадгалагдаж буй талаар танилцуулав.

Тус бүс нутагт тулгарч болзошгүй хамгийн том эрсдэлээр бизнесийн харилцаа холбоо суларч, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүд цуцлагдсаны улмаас хил дамнасан үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээнд худалдааны маргаан улам газар авах хандлагатай болоод буй аж.

Азийн Хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Деклан Магий "Олон улсын үйлдвэрлэлийн харилцаа холбоо тасарч, бүс нутгийн эдийн засаг цаашид өсөхөд тулгарч буй гол эрсдэл байж болзошгүй энэ үед Азийн улсууд хоорондын харилцаа болон худалдааны хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал юм.

Мөн Зүүн Азийн бус нутгийн улсуудын хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил буурснаас болж хөрөнгө оруулалт саарах зэрэг шууд бус үр дагаврыг Азийн бус нутаг амсах магадлалтай байна" гэлээ.​

  • Зүүн Өмнөд Ази- Тус бүс нутгийн арван орны зургаад нь эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа ба 5.1 хувиар өснө хэмээн тооцоолоод байна. Эдгээр улсуудад Индонез, Филлипин, Тайланд, Вьетнам зэрэг улсууд багтаж байгаа ба өсөлт саарахад төсвийн санхүүжилттэй дэд бүтцийн төслүүдэд холбогдох импорт өсч цэвэр экспорт буурсан нь нөлөөлсөн юм.
  • Төв Ази- Газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт болон хөрөнгө оруулалт, экспортын өсөлтүүд нь бага зэргийн өсөлттэй байх тул нийт эдийн засгийн өсөлтийг 4.1 хувь байхаар тооцоолоод байна. 
  • Номхон далайн орнууд- Эдийн засгийн өсөлт дөнгөж 1.1 хувиар буюу өмнөх таамгийн тал хувиар тэлнэ хэмээн үзсэн нь Папуа Шинэ Гвинейн газар хөдлөлтийн хор уршиг, Зүүн Тимур дахь төсвийн зарцуулалтын хомсдол зэрэгтэй холбоотой аж.

Бидний урд хөрш болох БНХАУ-ын эдийн засгийн гүйцэтгэл энэ оны эхний хагаст дотоодын өндөр хэрэглээ, үйлчилгээний салбарын хурдацтай тэлэлт зэргийн нөлөөгөөр эерэг үзүүлэлттэй гарсан байна.

Тус улсын 2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллийн дагуу 6.6 хувь байхаар ажиглагдаж байгаа бол ирэх оны өсөлтийн төсөөллийг 6.3 хувь болгон бууруулсан нь эрэлтийн өсөлт саарах, худалдааны сөргөлдөөн ширүүсэх зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэнтэй холбоотой талаар Азийн Хөгжлийн банкнаас гаргасан шинэчилсэн тайланд тус тус дурджээ.