Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.4, 2019 онд 6.1 хувиар өснө"

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлж, өрхийн зээл олголт нэмэгдэж, хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой байна. 

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын 2018-2019 оны эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-ны гаргасан таамгаар энэ онд эдийн засгийн өсөлт 3.8 хувиар, 2019 онд 4.3 хувь байхаар таамаглаад байсан билээ. Харин тайлангийнхаа шинэчилсэн дугаарт тэд Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө хэмээн таамаглаад байна.
 
Гэрэл зургийг: mpa.mn

АХБ-ны Ахлах эдийн засагч Деклан Магий “Эдийн засгийн гол өсөлт нэмэгдэхэд Монгол Улсын нүүрсний экспортын өсөлт мөн хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээ голлон нөлөөлсөн юм. Эдийн засгийн өсөлтийн хажуугаар уул уурхайн хөрөнгө оруулалт цаашид үргэлжлэх хэдий ч түүний өсөлт саарах хандлагатай байна. Ингэснээр ирэх онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ялигүй буурах хандлагатай байна” гэлээ.

Эдийн засгийн өсөлтийн гол нөлөөлөл үзүүлж буй хөрөнгө оруулалт нь ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ий 3.9 хувийг тус тус бүрдүүлж байна.

Энэ жил уул уурхайн салбарын хувьд үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт нийт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлсөн талаар мэдээлэв. 

Инфляцын түвшин энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.5 хувиар өссөн буйг зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн нөлөөлсөн хэмээн Азийн Хөгжлийн банк үзэж байна.

Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез ЛомменЭдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давсан байна гэж хэлж болно. Тодруулбал “Өрхийн зээл олголт эрс нэмэгдсэнээс иргэдийн бодит хэрэглээ өмнөх таамгийг давлаа.  Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт эдийн засагт чухал үүргийг гүйцэтгэсэн хэвээр байна. 

Мөн нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлээд байна. Цаашид Монголын эдийн засаг зарим хүчин зүйлсэд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлж, эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, хэрэгжиж буй макро эдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал юм. 

Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжгэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээн онцоллоо.