Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Либери улсын үндэсний мөнгөн дэвсгэртүүдийг ачсан чингэлэг сураггүй алга болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Либерийн ерөнхийлөгч Жорж Уеа

Баруун Африкийн Либери улсын гадаад хэвлүүлсэн үндэсний мөнгөн дэвсгэртүүд бүхий ачааны бүтэн чингэлэг сураггүй алга болжээ.

Нийтдээ $104 саятай дүйцэх дэвсгэртүүдийг тус улсын төв банк Швед, Хятад улсуудад хэвлүүлээд далайн боомтдоо хүлээж аваад байсан гэнэ.

Чингэлэг алга болоод олдохгүй байгааг өнгөрсөн долоо хоногт Front Page Africa орон нутгийн сонин анх мэдээлжээ.

Одоогийн ерөнхийлөгч Жорж Уеагийн засгийн газар шинэ дэвсгэртүүд алга болсон асуудалд өмнөх засгийн газрыг буруутгасан мэдэгдэл хийсэн байна.

Өмнөх ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлиф өнгөрсөн нэгдүгээр сард одоогийн ерөнхийлөгчид эрх мэдлээ шилжүүлсэн юм. Тэрээр хэвлүүлэх ажлыг өөрийнх нь засаглалын үед захиалсан ч хүлээж авсан нь одоогийн засгийн газар гэж хариу тайлбарлан хариуцлагаас зугтсан байна.

Алга болсон мөнгөн дэвсгэрүүд нь Либери улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэнэ. Тус улсын ерөнхий прокурорын мэдэгдэж байгаагаар чингэлэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Либерийн боомтод ирсэн ч хүлээж авах ажиллагаа энэ оны хоёр, гуравдугаар сард явагдсан гэнэ.

Одоо Либерийн засгийн газар мөрдөх ажлыг эхлүүлж, өмнөх засгийн үед төв банкны захирал асан Чарльз Сирлифийг хилээр гарахыг нь хоригложээ. Чарльз Сирлиф нь өмнөх ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлифийн хүү юм.

Уг дуулиан эдийн засаг нь улам доройтож байгаа Либери улсын иргэдийн засгийн газартаа итгэх итгэлийг улам унагаж байна. Шинэ ерөнхийлөгч Жорж Уеаг ажлаа авснаас хойш тус улсын үндэсний валютын ам.доллартай харьцах ханш 20 хувь унаад байгаа. Энэ хугацаанд инфляц ч нэмэгдэж, жирийн иргэдийн амьдрал улам хүндэрч байна.

Гэвч эрх баригчдын талаар таагүй мэдээллүүд хөвөрсөөр. Саяхан Хятад-Африкийн чуулганд оролцохоор Бээжинг зорьсон сангийн сайд Самуэл Туеа нисэх онгоцны бизнес ангиллын суудлаа $16,000 нэмж төлж байж нэгдүгээр ангилал болгосон тухай мэдээлэл Либеричүүдийг ихээхэн бухимдуулсан юм.

Тэрээр Хятадын талтай $2.5 тэрбумын ашигт малтмалын гэрээ хийхээр тохиролцсон нь бас маргаан дагуулж байна. Өнгөрсөн долдугаар сард Дэлхийн Банк, Европын Холбоо, АНУ-ын талууд Либерийн засгийн газарт хандаж, хамтарсан захидал бичсэн нь ховор үзэгдэл байв.

Тэд Либерийн засгийн газрыг нэмж өр тавихгүй байхыг уриалсан юм. Учир нь эрх баригчид цахилгаан түгээх сүлжээ байгуулах томоохон төсөлд зориулж гадаадын байгууллагуудаас бараг нэг тэрбум ам.долларын зээл авах гэж байгаа.

Хэрвээ ингэвэл Либери улсын гадаад өр бараг хоёр дахин нэмэгдэх юм.

Одоогийн ерөнхийлөгч Жорж Уеа нь 1990-ээд оны хөлбөмбөгийн од бөгөөд Африк тивээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин ажээ.

 Тэр оргил үедээ ФИФА-гийн оны шилдэг тоглогч болж байв. Гэвч түүний спортын алдар нэр нь Либери улсын эдийн засгийг аврахад нэмэр болохгүй байна.

 

Эх сурвалж: Quartz