Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бидэнд шийдэл байна

ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
 

Цаг хугацаа, мөнгө хоёр бол хүний амьдралын суурь. Тэр утгаараа хүн бүр л надад цаг хугацаа байсан бол, мөнгө байсан бол гэж халагладаг. Үр ашиггүй өнгөрүүлж байгаа цаг хугацаанд ямар их ажил амжуулж болох байсныг таах аргагүй. Гэтэл 15-20 минут зарцуулаад очих газарт автозамын түгжрэлээс болж 1-2 цагийг алдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Магадгүй гэртээ эртхэн очиж хайртай хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, эсвэл анд нөхөдтэйгээ гадуур цагийг таатай өнгөрүүлэх боломжтой байсан.

Гэтэл бид жилээс жилд хэдэн мянгаараа нэмэгдэж буй автомашины тоог дагасан замын түгжрэлд цаг хугацааг үр ашиггүй өнгөрүүлж байна. Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар тооцсон байдаг. Гэтэл одоо 1.4 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод 450 мянга гаруй автомашинтай болжээ.

Мөн автомашины ачааллыг нэмэгдүүлдэг өөр нэг асуудал нь худалдаа үйлчилгээний томоохон төвүүд ихэнхдээ хотын төвд байрладаг. Худалдааны төв, зах орчмын хөдөлгөөний зохион байгуулалт оновчгүй, зогсоол хангалтгүй, хүрэлцээгүй байдал нь түгжрэлд нөлөөлж байна. Түүнчлэн нийслэл хотын голоор төмөр зам явж, ачааны терминал байрладаг учраас ирсэн ачааг хот дундуур тээвэрлэхээс өөр аргагүй. Эдийн засгийн өсөлт, ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр хотоор зорчих ачааны вагон, хүнд даацын ачааны машины тоо нэмэгдэж, агуулах хүрэлцээ бага байдгаас завсрын тээвэрлэлтийн эрэлт үүсч, автозамын ачаалыг нэмэгдэж байна.

Ихэнх ачаа тээвэр, барааны урсгал хотын дундуур явсаар зүүн талд буюу Нарантуул худалдааны төвд очиж задраад дараагийн шатны жижиглэн худалдаачдад очих, эсвэл буцаад хот дотор болон төв, баруун аймгууд руу дахин тээвэрлэлт хийгддэг байна.

Замын түгжрэлийг бууруулах хамтарсан ажлын хэсгээс олон судалгаа, дүгнэлт гаргасаны дотор захуудыг хотын зах руу задлаж хуваах хэрэгтэй, Улаанбаатар хотын 2 захад ачаа тээврийн терминал байгуулах хэрэгтэй гэдэг хэдий ч СХД-н 20-р хороонд 1971 онд хэдийнээ байгуулагдсан терминалыг өнөөдрийг хүртэл ашиглахгүй байсаар л байна. Тиймээс бэлэн байгаа энэхүү дэд бүтцийг нэн даруй ашиглаж эхлэх нь зүйтэй юм.

Хотын хоёр захад нэгдсэн терминалтай болсноор нийслэлчүүдийн түгжрэлд бухимдах нь багасна, ачаа тээврийн компаниудын тээвэрлэлтийн зам нь богиносч эдийн засгийн хэмнэлт үүснэ. Мөн бараа бүтээгдэхүүнийг чанартай, найдвартай хадгалдаг нэгдсэн байртай болсоноор эрүүл ахуйн нөхцөл байдал сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цаг хугацаа хэмнэвэл мөнгөө ч хэмнэнэ.

П.Нарандэлгэр