Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд хүн төрөлхтний түүхэнд анх удаа астероид дээр судалгааны станц буулгалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Minerva-II станцууд

Дэлхийгээс 300 орчим сая километр зайд байгаа Рюгу нэртэй астероид дээр Японы Сансар Судлалын Хүрээлэн (JAXA) анх удаа судалгааны станцуудаа буулгаж чадлаа.

Бямба гарагт бялуу хэлбэртэй, хоёр ширхэг судалгааны робот станц Хаяабуса-2 хөлгөөс салж, астероид дээр газарджээ.

“Хоёр станц хоёул хэвийн ажиллаж, Рюгу астероидын гадаргыг судлах ажлаа эхлүүллээ” хэмээн JAXA мэдээлсэн байна.

Нэг километр орчим диаметртэй, төмс хэлбэрийн Рюгу астероид нь маш бага татах хүчтэй тул буусан станцууд буцан ойж, 15 метрийн өндөрт 15 минут орчим нисээд буцаж буух юм.

Өөрөөр хэлбэл ойж буух завсраа Рюгу астероидын гадаргыг судлах ажээ.

Япончууд анхны Хаяабуса хөлгийг 2005 онд илгээж байсан ч судалгааны станц нь газардаж чадалгүй бүтэлгүйтэж байв. Харин Хаяабуса-2 хөлгийг 2014 оны арванхоёрдугаар сард илгээсэн нь өнгөрсөн зургаадугаар сард Рюгу астероидод хүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд астероидын барзгар гадаргуу дээрээ станц буулгахад тохиромжтой тэгш хэсгийг хайн, тооцоо хийсээр өдийг хүрсэн байна.

Аравдугаар сарын 3-нд Хаяабуса-2 хөлөг гурав дахь судалгааны станцаа буулгах ба тэр нь эхлээд 2 кг жинтэй тэсрэх бодисыг Рюгу дээр хаяж тэслээд ил гарсан чулуулгийн дээжийг авах юм.

Япон хэлээр шонхор шувууны нэртэй Хаяабуса-2 хөлөг 2020 онд астероидын хөрсний дээжийг тээвэрлэн дэлхийд эргэж ирнэ.

Рюгу астероид нь маш их эртний сансрын биет тул түүнийг судалснаар манай нарны аймгийн үүслийн талаар мэдээлэл олж авах зорилготой юм.

 

Эх сурвалж: AFP