Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэргийн баазыг нутагтаа байрлуулахын тулд Трампын нэрийг ашиглах саналыг Польшийн ерөнхийлөгч тавив

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Оросын аюулаас улс орноо хамгаалахын тулд нутаг дэвсгэртээ АНУ-ын цэргийн баазыг байгуулах хүсэлтэйгээ Польшийн засгийн газар хэдэн сарын өмнөөс илэрхийлэх болсон юм.

Тэгвэл энэ санаагаа гүйцэлдүүлэхийн тулд Польшийн ерөнхийлөгч “брэнд”-д дуртай Трампын зан чанарыг ашиглахаар шийджээ.

Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда өчигдөр Цагаан ордонд Дональд Трамптай уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн хурал дээр “Польшийн газар нутаг дээр байнгын цэргийн бааз байгуулж өгөхийг би хувьдаа маш их хүсэж байна. Уг баазыг бид “Fort Trump” гэж нэрлэх болно” хэмээн ярьсан байна.

“Би үүнийг боломжтой гэдэгт бат итгэлтэй байна. Ийм шийдвэр гаргавал Польшийн төдийгүй, АНУ-ын эрх ашигт бүрэн нийцэх юм” гэж тэр цааш нь тайлбарлажээ.

Түүнтэй зэрэгцэж зогссон Трампад энэ санал таалагдаж байгааг нүүрнээс нь харж болохоор байв. Гэхдээ Дональд Трамп байнгын цэргийн бааз байгуулахын тулд Польшийн талаас багагүй дэмжлэг үзүүлэх ёстой гээд Польш улс ингэхэд бэлэн байгааг уулзалтын үеэр илэрхийлснийг хэлсэн байна.

2018 оны тавдугаар сард Польшийн засгийн газар АНУ-ын цэргийн баазыг нутагтаа байгуулахад зориулж $2 тэрбум хүртэл хөрөнгө гаргахад бэлэн байгаагаа зарлаж байв. Өөр эх сурвалжийн мэдээлснээр Варшавын тал үүнээс ч их мөнгө гаргахад бэлэн гэнэ.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээс хойш NATO-гийн үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын зэвсэгт хүчин Польшийн нутагт тодорхой хугацааны давтамжтай байрлаж байгаа.

Өөрөөр хэлбэл байнгын баазгүй юм. Польшийн засгийн газрын хүсэлтийг хүлээж авсан Конгресс Пентагонд уг асуудлыг судалж, ирэх оны төсөвтөө тусгах даалгавар өгсөн юм. Одоогоор Европ дахь АНУ-ын цэргийн гол бааз Германд байрладаг ба 35,000 орчим цэрэгтэй.

“Польшийн нутагт АНУ-ын цэрэг байнга байрлавал би хувьдаа маш их баярлах болно” гэж хэлсэн Дуда цаашдаа Америкаас авдаг зэр зэвсгийн хэмжээгээ нэмэгдүүлэхээ амласан байна.

 

Эх сурвалж: The Washington Post