Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн татварыг нөхөж авснаар Ирланд улс их хэмжээний бэлэн мөнгөтэй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2016 оны наймдугаар сард Европын Холбооны эрх баригчид Ирландын засгийн газрыг Apple компанид хэт хөнгөлөлт үзүүлж, их хэмжээний татвар авалгүй өнгөрснийг ил болгосон юм. Улмаар аваагүй татварыг нөхөж тооцох шийдвэрийг гаргаж байв.

Apple компанийн Европ тивийн төв офис Ирландад байрладаг юм.

Тухайн үед Apple компани болон Ирландын засгийн газрын аль аль нь Европын Холбооны шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд давж заалджээ.

Татварын харилцаанд ямар нэг онцгойлон харж үзсэн зүйл байхгүй, бүгд Ирландын болон Европын Холбооны хууль дүрмийн дагуу байсныг тэд баталж байв. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл, сонирхлыг алдахгүйн тулд энэ татварыг нөхөж авахаас Ирландын удирдагчид татгалзсан юм.

Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан тул өнгөрсөн хугацаанд Apple компани төлөөгүй татвараа цувруулан төлж, саяхан дуусгасан байна. Одоо Ирландын засгийн газрын эскроу дансанд 13.1 тэрбум еврогийн нөхөн татвар, 1.2 тэрбумын хүү, нийлээд 14.3 тэрбум евро цугларчээ.

Энэ мөнгийг эскроу дансанд байлгаж байгаа нь давж заалдах шүүхийн дүгнэлт гараагүй байгаатай холбоотой.

Гэхдээ Европын Холбооны Ерөнхий Шүүхэд (GCEU) асуудлыг оруулах хүртэл олон шат дамжлага давж, их хэмжээний бичиг цаас бүрдүүлэх тул дахиад хэдэн жилийн хугацаа шаардагдах ажээ.

14.3 тэрбум евро нь Ирландын эрүүл мэндийн салбарын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө юм. Тиймээс засгийн газар уг мөнгийг үр ашигтай, зөв удирдах хөрөнгө оруулалтын менежэрийг саяхан томилжээ. Менежэрийн үүрэг нь Ирландын татвар төлөгчдийг алдагдалд оруулалгүйгээр мөнгийг эрсдэл багатай төсөл, бизнесүүдэд хөрөнгө оруулж, арвижуулах юм.

 

Эх сурвалж: The Guardian