Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун: Би ойрын үед Сөүл хотод айлчилна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хоёр ээлжийн яриа хэлэлцээр хийсний дараа хоёр Солонгосын удирдагчид өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийж, ямар тохиролцоонд хүрснээ зарлажээ.

Пёньяны Пэкхвавон ёслол хүндэтгэлийн ордонд үг хэлэхдээ Ким Жон Ун “Би Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инд энэ онд багтаан Сөүл хотод айлчилна гэж амлалаа” гэж хэлсэн нь гэнэтийн мэдээ байлаа.

Түүнтэй зэрэгцэж зогссон Мүүн Жэ Ин “Бид Солонгосын хойгийг дайны аюулаас ангижруулахаар тохиролцлоо. Солонгосын хойгоос дайн дажны бүх эх үүсвэрийг зайлуулна. Бас бид анх удаагаа цөмийн зэвсгээс салах тусгай алхмуудыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Цөмийн зэвсэггүй Солонгос болох цаг хол биш байна” гэж мэдэгджээ.

Тусгай алхмууд гэдэгт нь Ёнбён дахь цөмийн байгууламжийг хаах, Дончанри дахь пуужингийн туршилтын байгууламжийг хаах арга хэмжээнүүд багтаж байгааг Сөүлийн төлөөлөгч сүүлд баталсан байна.

Үүнээс гадна хил дамнасан төмөр зам, авто замыг энэ онд багтаан нээх, хоёр Солонгосын хамтарсан Кэсон аж үйлдвэрийн комплексийн үйл ажиллагааг сэргээх, Кюмган уулын аялал жуулчлалын төвийн ажиллагааг сэргээх тохиролцоонд хүрчээ.

Мөн Солонгосын дайны үеэр хагацаж, салсан иргэдийг уулзуулах ажлыг ойрын үед байнгын ажиллагаа болгохоор тохирсон байна.

Хоёр удирдагчийн үзэглэсэн баримт бичгийг Пёньяны Энхийн Гэрээ хэмээн нэрлэжээ. Ким Жон Ун “Өнөөдрийн байгуулсан Пёньяны гэрээ нь хоёр Солонгосын харилцааг шинэ түвшинд гаргах болно” хэмээн зарлажээ.

Тэдний дараа хоёр талын батлан хамгаалахын сайд нар баримт бичигт гарын үсэг зурж, солилцсон байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин маргааш буюу Пүрэв гарагт айлчлалаа дуусгаад нутаг буцах юм.

 

Эх сурвалж: Yonhap News