Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма Хятадын засгийн газар, бизнесмэнүүдийг 20 жил үргэлжлэх худалдааны дайнд бэлдэхийг зөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Алибаба Группыг үүсгэн байгуулагчдын нэг Жэк Ма Хятадын бизнес, улс төрийн удирдагчдад урт хугацаанд үргэлжлэх худалдааны дайнд бэлдэхийг зөвлөжээ.

Тэрээр АНУ-тай эхэлсэн худалдааны дайн нь зөвхөн Трампын бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлагдахгүй, 20 жилийн хугацаанд үргэлжлэх магадлалтай гэсэн байна.

Ханьжоу хотод өчигдөр болсон компанийнхаа хөрөнгө оруулагчдын чуулган дээр Ма ингэж хэлжээ. Хятад улс эдийн засгийн хүчин чадлаа улам нэмэгдүүлж, АНУ-ын зах зээлээс Зүүн Өмнөд Ази, Африкийн орнуудтай хийх худалдаанд шилжих хэрэгтэйг тэр бас сануулсан байна.

“Богино хугацаандаа Хятад, АНУ, Европын бизнесийнхэн бүгд хохирно. Үүнийг тойрон гарах арга байхгүй” гэж Ма ярьжээ. Харин зөв бодлогоор ажиллавал дунд болон урт хугацаандаа хямралаас гарч чадна гэж тэр хэлсэн байна.

Түүнийг ингэж ярихаас хэдхэн цагийн өмнө Дональд Трамп Хятадын $200 тэрбумын бараанд импортын татвар оноож байгаагаа зарласан юм.

Гэхдээ Ма асуудлыг боломж болгон харвал хямралаас гарч чадахыг хэлээд Алибаба компани ингэх бүрэн боломжтой гэжээ. АНУ-ын бизнес эрхлэгчид тус компанийн платформоор дамжуулан Хятадын барааг бөөний үнээр авдаг тул хоёр орны худалдааны дайн Алибабад бас цохилт болж байгаа гэнэ.

“Хэрвээ Алибаба энэ нөхцөл байдлаас гарч, хөгжиж чадахгүй бол Хятадын өөр ямар ч компани ингэж чадахгүй. Би үүнд 100 хувь итгэлтэй байна” гэж Ма хэлсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg