Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын салбар хороо Киргизийн “сүйт бүсгүй хулгайлах” заншлыг шүүмжлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Сүйт бүсгүй хулгайлах явдлыг харуулсан зохиомжит гэрэл зураг

Киргизистан улсад эмэгтэйчүүдийг хулгайлж, хүчээр гэрлүүлдэг заншил хадгалагдаж байгааг НҮБ-ын Эмэгтэйчүүдийг Ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх хороо шүүмжилжээ.

Тус хорооны хоёр гишүүн хүний эрхийн 14 байгууллагаас ирүүлсэн баримтууд дээр үндэслэн тайлан гаргаж, өчигдөр Женев хотноо танилцуулсан байна.

Хууль эрх зүйн мэдлэггүй байдал, орон нутгийн албан тушаалтнуудын санаатай нуун дарагдуулах бодлогын улмаас ийм хэргийн хохирогчид ил гарч чадахгүй байгааг тайланд дурджээ. “Охид, бүсгүйчүүдийг хулгайлж, хүчээр гэрлүүлэх нь уламжлалт соёлд тооцогдох ёсгүй. Хохирогчид нь хүчиндүүлэх тохиолдол түгээмэл учраас гэмт хэрэгт тооцож, хуулийн дагуу шийдэх ёстой юм” хэмээн тайланг бичсэн гишүүдийн нэг Лиа Надарая мэдэгджээ.

Улмаар тус хорооноос Киргизистаны эрх баригчдад хандан ийм төрлийн хэргийг гаргуулахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, шат дараатай арга хэмжээ авахыг уриалсан байна.

Киргизийн засгийн газар 2019 оны гуравдугаар сард тайлангийн мөрөөр ямар арга хэмжээ авсан талаар хариу тайлбар ирүүлэх ёстой болжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty