Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Европын холбооноос 5 сая еврогийн өртөгтэй гурван төслийг эхлүүлэв

Т.Саран, iKon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад гурван төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнд:

  1. Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид(AVSF)-ын хэрэгжүүлэх “Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг”
  2. Пипл ин нийд(PIN)-ийн хэрэгжүүлж буй “Амьсгалах эрх” - Улаанбаатар хот Архангай аймагт мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох төсөл
  3. Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эв нэгдлийн бүлгэм(GERES)-ээс хэрэгжүүлэх СОӨП-Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл багтаж байна. Эдгээр төсөл нь 2018 оноос эхэлж байгаа бөгөөд 2021 он дуустал хэрэгжих нь. 

“Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хүрээнд ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор үйлдвэрүүдийн 

  • Эрчим хүчний хэрэглээ
  • Усны хэрэглээ
  • Хаягдал усыг тус бүр таван хувиар бууруулах зорилт тавьжээ. 

Түүнчлэн ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг боловсруулан, нэмүү өртөг шингээх, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар түүхий эдийн чанарыг сайжруулахад чиглэх юм байна. Ингэснээр байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн ноос, ноолуур, сүлжмэлийн утас зэрэг бүтээгдэхүүний чанар сайжирч, экспортын орлого нэмэгдэнэ хэмээн үзжээ. Дөрвөн жилийн хугацаанд энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт 50 тоннд хүрнэ хэмээн тооцсон байна.

Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төслөөр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэр хорооллын 1,000 өрхийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах зөвлөгөө өгөх, дулаалгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих, чадавхжуулахаар төлөвлөжээ. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд 6,000 тонн нүүрстөрөгчийн хийг агаарт дэгдэхээс сэргийлж, 1.6 тэрбум төгрөгийн нүүрс шатаах байсныг хэмнэнэ гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан байна. Энэхүү төсөл нь Афганистан болон Францад амжилттай хэрэгжжээ. 

Харин “Амьсгалах эрх” төслийн гол зорилго нь иргэдийн утаанаас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг мэдээллийг сайжруулж, холбогдох мэдээллүүдийг ил тод болгох, хяналтыг сайжруулах, цаашлаад иргэдэд эрүүл мэндээ агаарын бохирдлоос хамгаалах дадалд сургах аж. 

Европын холбоо болон Монгол Улс хоёулаа Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд гарын үсэг зурсан. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж байгаа бөгөөд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлаараа өндөр орнуудад тооцогддог. Тэгвэл эдгээр төсөл нь эрчим хүчний үр ашиг, нөөц баялгийг ихэсгэх, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх, суурь үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсон, ногоон ажлын байр олноор бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойг төсөл хэрэгжүүлэгчид онцлов. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн салбаруудын ирээдүйн зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд тусална хэмээн үзэж байна.