Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн гол мэргэжилтэн 89 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын төрийн ахмад зүтгэлтэн, цөмийн зэвсэг, пуужингийн технологийг хөгжүүлэгч гол мэргэжилтэн гэгддэг Жу Кю Чан өчигдөр буюу Даваа гарагт 89 насандаа цусны өвчнөөр таалал төгсжээ.

Өнөөдөр Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг зарлахдаа “манай улсын батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхэд гарамгай гавьяа байгуулсан академич, профессор, ахмад хувьсгалч таалал төгслөө” хэмээн мэдээлсэн байна.

Жу Кю Чан нь тус улсын батлан хамгаалах яамны сайд асан, 2013 онд АНУ-ын засаг захиргаанаас зарласан хар жагсаалтад багтсан хүн юм.

2009 онд Хойд Солонгос Унха-2 алсын тусгалын пуужинг туршихад тэрээр тухайн үеийн удирдагч Ким Жон Илтэй хамт ажиглаж байжээ. 2015 онд тэтгэвэрт гарсан Жу Кю Чаныг 2012 онд туршсан Унха-3 пуужинг бүтээхэд голлон оролцсон хүн гэдэг.

Хойд Солонгосын дэглэм 2006 онд анхны цөмийн туршилт хийснээсээ хойш дахин таван туршилт амжилттай зохион байгуулж, тив алгасах баллистик пуужин зохион бүтээхэд үсрэнгүй ахиц дэвшил гаргасан юм.

Улмаар Пёньяны эрх баригчид өнгөрсөн оны сүүлээр цөмийн зэвсэгтэй улс болсноо албан ёсоор зарласан билээ.

 

Эх сурвалж: AFP