Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Риогийн олимпийн наадам Бразилын үндэсний музейн төсвийг булаажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Бразилын үндэсний музейд гарсан хохирлыг тооцоолох ажил ид явагдаж байна. Ням гарагийн үдэш эхэлсэн гал түймэр шөнөжин үргэлжилж, Даваа гарагийн өглөө унтарсан юм.

200 жилийн настай барилга бүрэн шатсанаар Бразилын болон хүн төрөлхтний түүхийн үнэтэй ховор 20 сая орчим дурсгалт зүйл устсан гэгдэж байна.

Хамгийн гол нь Өмнөд Америкийг колоничлохоос өмнө оршиж байсан эртний соёл иргэншлийн бүх дурсгал устаж алга болсонд Бразилчууд эмгэнэн гашуудаж байгаа юм.

Уугуул иргэдийн түүх соёлыг судлагч Жосе Урутау Гуахахара “Энэ бол Латин Америкийн уугуул соёлд учирсан хамгийн том хохирол. Бидний түүх бүрэн устлаа” гэж хэвлэлд ярьжээ.

Бразилын уугуул иргэдийн асуудал хариуцсан агентлагийн тэргүүн асан, антропологич Мерсио Гомез энэ үйл явдлыг Нийтийн Тооллын Өмнөх 48 онд Александриа хотын номын сан шатсан түүхтэй адилтгасан байна.

“Бразилчууд бид ердөө 500-хан жилийн түүхтэй. Манай үндэсний музей 200 жилийн настай. Бидний ой санамж бага. Гэвч энэ бүхэн маань үүрд арчигдлаа” гэж тэр Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

 

Бразилын соёлын сайд Сержио Лейтано галын шалтгааныг цахилгааны богино холболт, эсвэл гар хийцийн халуун агаараар хөөрдөг бөмбөлөг дээвэр дээр унаснаас болсон гэж таамаглаж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Сүүлийн жилүүдэд Бразилын засгийн газар Рио 2016 Зуны олимпийн наадмыг зохион байгуулахад олон тэрбумыг зарцуулж, үүний тулд соёл, боловсролын салбарын төсвийг ихээр танаж байсан нь дээрх гамшиг нүүрлэхэд хүргэсэн гэнэ.

Музейн дэд захирал Луйз Дуартегийн хэлснээр музейг засаж, сайжруулах ажилд хойрго хандаж байсан үе үеийн эрх баригчид энэхүү хохиролд буруутай ажээ. Өнгөрсөн зургаадугаар сард музейн 200 жилийн ойг тэмдэглэхэд засгийн газрын гишүүдээс хэн ч оролцоогүйг тэр дурссан байна.

Олон жил хөөцөлдсөний эцэст саяхан музейн захиргаа барилгаа засварлаж сайжруулах, галаас сэргийлэх шинэ системтэй болох санхүүжилтыг засгийн газрын харьяа хөгжлийн банкнаас авах гэрээ байгуулаад байжээ. Гэвч уг хөрөнгө оруулалтыг ашиглаж амжилгүй музейгээ түймэрт алдсан нь энэ юм.

 

Бразилын нэртэй нийтлэлч Бернардо Мелло Франко “Ням гарагийн эмгэнэлт явдал нь манай үндэстний хувьд амиа хорлолт юм. Энэ бол өнгөрсөн болон ирээдүй үеийнхний эсрэг үйлдсэн гэмт хэрэг” гэж O Globo сайтад бичсэн байна.

Музейн гадна бухимдсан иргэд цугларч, эмгэнэлт явдлын хариуцлагыг авлигад идэгдсэн Бразилын засгийн газар үүрэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлснээр цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэхэд хүрчээ.

 

Эх сурвалж: The Guardian