Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Африкийн орнуудад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, өрийг нь тэглэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Бээжин хотноо Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулган эхэлж, тус тивийн 50 гаруй орны удирдагчид нэг дор цуглажээ.

Чуулганы нээлт дээр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин $60 тэрбумын хөрөнгийг Африк тивд нэмж оруулахаа амлаж, зарим хөгжил буурай орнуудын өрийг нь тэглэх шийдвэрээ зарласан байна.

Гурван жилийн өмнө болсон уг чуулган дээр тэр $60 тэрбумыг амлаж байсан бол өнөөдөр үүнийгээ хоёр дахин өсгөж байгаа нь энэ юм.

Уг санхүүжилт нь засгийн газрын тусламж, хувийн болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт зэрэг хэлбэрээр хэрэгжинэ гэж Ши Жиньпин тайлбарлажээ.

Үүн дотор $15 тэрбумын хүүгүй зээл, концессын зээл багтаж байгаа нь гурван жилийн өмнөх амлалтаас гурав дахин нэмэгдсэн дүн болж байна. Мөн $20 тэрбумын зээлийн шугам, $10 тэрбумын хөгжлийн сан, $5 тэрбумын импортын санхүүжилт зэрэг хөрөнгүүд багтжээ.

Үүнээс гадна Бээжинтэй дипломат харилцаатай Африк тивийн хамгийн ядуу улс орнуудын өрийг тэглэхээ амласан байна.

Хятадын энэ их хөрөнгө мөнгө Африкийн орнуудыг өрийн хавханд оруулах вий гэсэн болгоомжлол үүсгээд байгаа. Үүнийг няцааж тайлбарлахдаа Ши Жиньпин Хятад улсад ямар нэг улс төрийн ашиг сонирхол байхгүй, Африкийн орнууд хөрөнгө оруулалтын хариуд ямар нэг улс төрийн үүрэг хариуцлага хүлээхгүй, Бээжин Африкийн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй гэжээ.

“Зөвхөн Хятадын, Африкийн ард түмэн уг хамтын ажиллагаа үр дүнтэй болсон үгүй талаар дүгнэх эрхтэй. Хятад-Африкийн хамтын ажиллагааны ололт амжилтыг хэн нэг нь өөрийн сэжиг, таамгаар дүгнэх ёсгүй” гэж тэр хэлсэн юм.

Хариуд нь Африкийн удирдагчид ч хоёр талын хамтын ажиллагаа харилцан ашигтай зарчим дээр суурилсан, үүнээс хэн ч хохирох ёсгүй гэх зэргээр байр сууриа илэрхийлцгээжээ.

Мөн Ши Жиньпин тус тивийн орнуудын аюулгүй байдлыг хангахад тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан юм. Өнгөрсөн онд Хятад улс зүүн Африкийн Жибути улсад анхны гадаад дахь цэргийн баазаа байгуулсан.

Хятад-Африкийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих сан байгуулж, Африкийн Холбоонд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхээ Ши Жиньпин бас амлажээ.

Энэ ажлын хүрээнд нийт 50 хөтөлбөр хэрэгжүүлэх ба үүнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанаас эхлээд орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагаа багтаж байна.

Сүүлийн есөн жилийн турш Хятад улс Африк тивийн хамгийн том худалдааны түнш болоод байгаа. Зөвхөн өнгөрсөн онд талуудын худалдааны хэмжээ $170 тэрбум хүрсэн нь өмнөх жилээсээ 14 хувь өссөн үзүүлэлт юм.

АНУ-тай худалдааны дайн хийж байгаа Бээжингийн хувьд Африк тив стратегийн чухал түнш болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post