Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Франц хүүхдүүд өнөөдрөөс гар утасгүй хичээлийн жилээ эхлүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Зуны амралтаа дуусгасан Франц хүүхдүүд өнөөдрөөс хичээлийн шинэ жилийг эхлүүлэхдээ гар утасгүй ангидаа орох гэж байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан анги танхимд гар утас, таблет, ухаалаг бугуйн цагийг хориглох хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Өнгөрсөн долдугаар сард энэ хуулийг Францын парламент дэмжиж баталжээ. Харин ахлах сургуулийн 15-18 насныхны хувьд уг хоригийг сургууль тус бүр өөрийн үзэмжээр шийдэх буюу сайн дурын үндсэн дээр зохицуулах юм.

Францын 12-17 насны хүүхдүүдийн 90 орчим хувь гар утас хэрэглэдэг гэсэн тоо бий. Тус улсын боловсролын сайд Жан Мишель Бланкер шинэ хуулийг “21 дүгээр зууны хууль” гэж нэрлээд уг зохицуулалт Францын 12 сая сурагчийн сахилга батыг сайжруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Шинэ технологид нээлттэй байна гэдэг нь гарсан бүгдийг хэрэглэх ёстой гэсэн үг биш” гэж шинэ хуулийг долдугаар сард парламентаар батлуулахад тэр хэлж байсан юм.

Гэхдээ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх нь асуудалтай байна. Засгийн газар зохицуулах арга механизмыг сургууль тус бүр өөрсдөө шийдэхээр үлдээжээ.

Тухайлбал хичээлд орохоосоо өмнө сурагчид гар утасаа өөр өөрийн цоожтой шүүгээнд үлдээх хувилбарыг зөвлөж байна. Гэхдээ зарим сургуульд ийм боломж байхгүй байгаа юм.

Макроны шинэчлэлийн дагуу анги дүүргэлтийг хязгаарлах арга хэмжээг мөн энэ оноос нэмэгдүүлж байна. Боловсролыг хүүхэд бүр тэгш орчин нөхцөлд хүртэх ёстой гэсэн үндэслэлээр энэ онд 6-7 насны хүүхдүүдийн нэг ангид ноогдох сурагчдын тоог 12 болгосон юм.

Тэгвэл шинэ хичээлийн жилээс уг хязгаарлалтад 8 настнуудыг нэмж хамруулахаар болжээ.

 

Эх сурвалж: AFP